

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд дэвшүүлсэн 14 мега төслөөс 6 төслийг сонгож, тэдгээрт шинжлэх ухаан, технологийн оролцоог тодорхойлон төслийг богино хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцлээ. “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр Хүнд аж үйлдвэр, Химийн аж үйлдвэр салбар хуралдаанд оролцож “Багануур” ҮТП, “Тавантолгой” ҮТП-ийн хүрээнд барьж байгуулагдах нүүрс-хими, кокс-химийн цогцолборын төслөө танилцууллаа.


Сэргээгдэх эрчим хүч, Усан цахилгаан станц, Газрын доорх болон гадаргын ус, Хүнд аж үйлдвэр, Химийн аж үйлдвэр, Хиймэл дагуул ба тандан судлал сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, судалгааны үр дүн, инновац, технологийн шийдлийг хэлэлцэв. Шинжлэх ухааны байгууллага, төрийн захиргааны болон аж үйлдвэр, хувийн хэвшлийн 350 гаруй төлөөлөл оролцож, мега төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны шийдэл, инновацын талаар санал солилцлоо.
Шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох, улс орны хөгжилд шинжлэх ухаан, технологийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамнаас Шинжлэх ухаан – Оролцоо 2024 арга хэмжээг зохион байгуулж, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийг ашиглан илүү үр дүнтэй болгох боломжуудыг олон нийтэд хүргэж, бодитой шийдлүүдийг санал болгох зорилготой юм.Шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, үндэсний шинжлэх ухааны чадавхыг эрэлт хэрэгцээ, шинэ санаачилга, инновацтай уялдуулан хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засагт бодит үнэ цэнэ, бүтээмж нэмэхэд чухал үүрэгтэй юм.