
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь Багануур дүүрэгт байгуулагдах Нүүрс-химийн цогцолбор бөгөөд уг төслийн хүрээнд эхний ээлжинд “Хөх нүүрс”-ний үйлдвэрийг бүтээн байгуулна. Эрдэнэс Монгол нэгдэл 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар дунд хугацааны стратегид тусгасан. Үйлдвэрлэл, технологийн паркуудын төслийн хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс ҮТП” компани ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал, Багануур дүүргийн удирдлагууд болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн шинээр хэрэгжүүлэх хөх нүүрсний төсөл хэрэгжих байршилд ажиллаж, төслийн мэдээлэлтэй танилцав.


“Хөх нүүрс” төсөл нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, одоогийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өртгөөс 62 хувиар хямд, агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулах боломжтой. Энэ төслийг эхлүүлснээр Монгол Улс хөх нүүрсний үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүнийг ашиглан 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэж, цаашид нүүрсийг гүн боловсруулах, химийн үйлдвэрлэлийн суурийг тавих юм.
Багануурын орд нь 773 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй, төмөр зам, автозам, эрчим хүч, дулааны найдвартай эх үүсвэртэй, дэд бүтэц хөгжсөн, төсөл хэрэгжих хамгийн боломжит байршил гэдгийг онцолж байна.
Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь болсон хагас кокс буюу хөх нүүрсний үйлдвэрийн төслийг энэ ондоо багтаж эхлэхээр Эрдэнэс Монгол нэгдэл ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ болоод бусад судалгаа, тооцооллын ажлуудыг хийн ажиллаж байна. Эхний ээлжийн үйлдвэр байгуулагдсанаар 300 гаруй шууд ажлын байр бий болох юм.