
“Багануур” үйлдвэрлэл, технологийн парк байгуулж Нүүрс-пиролизын үйлдвэрийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь хамгийн зөв шийдвэр боллоо. Монгол Улсын хувьд өөрсдийн нөхцөлдөө тааруулан хамгийн хурдан хугацаанд бодитоор хэрэгжүүлэх боломжтой шийдэл нь хөх нүүрс үйлдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулах явдал юм.Хөх нүүрс буюу мэргэжлийн хэлээр хагас коксыг гаргаж авдаг технологи нь хүрэн нүүрсийг 500-650C хэмд оруулаад дотор нь байгаа үндсэн бохирдуулагч дэгдэмхий хийг ялгаж авч байгаа гэсэн үг. Тийм учраас агаарын бохирдлыг бууруулахад хөх нүүрсийг ашиглахаас өөр боломж байхгүй.
Хөх нүүрсний технологийг ард иргэд хүрэн нүүрсээ, хөх нүүрсээр сольсон үр ашиггүй гэж шүүмжилж байна. Нүүрс түлэхгүй байх дараагийн алхам буюу хий, сэргээгдэх эрчим хүч ашиглах гээд мэдээж технологиуд бий. Гэхдээ үүнийг хэрэглэхийн тулд бидэнд 10-20 жил шаардагдана.Харин хагас кокс буюу хөх нүүрсний энергийн нягтшил, шаталтын механизмыг нь тооцож үзэхэд хамгийн ашигтай хувилбар нь хөх нүүрс. Хүрэн нүүрсийг коксжуулахад нүүрснээсээ шалтгаалаад 500-600 градуст халаадаг. Энэ процесс нь агаар бохирдуулдаг дэгдэмхий хий буюу давирхайг ялгадаг. Бид Багануурын нүүрсэнд туршилт хийж хагас кокс гаргасан. Ганцхан Багануур ч биш Цайдам, Бөөрөлжүүтийн нүүрсээр үйлдвэрийн орчинд болон лабораторийн туршилт хийсэн үр дүн байна. Энэ туршилтуудаар хагас кокс утаагүй гэдэг нь батлагдсан.