Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн нүүрс болон сэргээгдэх эрчим хүч хосолсон гибрид цахилгаан станц байгуулна

Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн импортын эрчим хүчийг орлох 300 MBT-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн явцыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх танилцуулав. Тус төслийн анхны судалгаагаар 200 MBT-ын хүчин чадалтай станц барина гэж төлөвлөж байсан. Харин өнөөдөр 300MBT-аас дээш хүчин чадалтайгаар барих хэрэгцээ шаардлагатай үүсээд байгаа бөгөөд уг станц барих 100 га газар бүрэн шийдэгджээ.

“Шивээ-Овоо” ХК нь өнөөдөр дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг хангаж, “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50%-ийг нийлүүлдэг. Нүүрсний орд нь нийт 29,500 га талбайг хамардаг бөгөөд 2.7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Улсын төсөвт 2023 онд 15,1 тэрбум, 2024 онд 17,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд 22,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа талаар тус компанийн захирал Ц.Энхтүвшин мэдээллээ.

 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн удирдан хэрэгжүүлж буй 6 үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэг нь Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн парк юм.  Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн паркийг  байгуулахад эрчим хүчний хэрэглээний өсөлтийг одоогийн нөөц бололцоогоор хангах боломжгүй, нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардлагатай  тул уг станцыг барихад Засгийн газар болон төсөл хэрэгжүүлэгч талууд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Цахилгаан станцыг нүүрс, сэргээгдэх эрчим хүч хосолсон гибрид буюу дэвшилтэт технологиор байгуулснаар үйлдвэрлэл, технологийн паркийн цогцолбор байгуулахад шаардлагатай эрчим хүчний нөөцөө бүрэн хангах боломж бүрдэх юм.