

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан МЕГА-14 төсөл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан 6 Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтын хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК нь паркуудад ажиллах боловсруулах үйлдвэрийн чиглэлийн инженер, техникийн мэргэжилтэй хүний нөөцийг үе шаттайгаар бэлтгэх “BE ENGINEER” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
“BE ENGINEER” хөтөлбөрийн нэг дэд хөтөлбөр нь ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах болон төгсөх ангийн сурагчдыг инженер мэргэжилд дуртай болгох болон тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой.




Энэ хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал, “Be Engineer” төслийн менежер Э.Хатанболд, М.Нарантуяа нар Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулан ажиллаж байна.
Төслийн баг, Булган аймгийн ЗДТГ, Боловсролын газартай хамтран 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн ЕБС-ийн 9,10,11 дүгээр ангийн 250 гаруй сурагчтай уулзлаа.
Сурагчид “Be Engineer” хөтөлбөрт оролцож хувь хүний онцлогтоо тохирсон мэргэжил сонгох, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гаргах аргачлалд суралцах, өөрөө өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжтой танилцах, зах зээлийн өндөр үнэлгээтэй боловсруулах үйлдвэрийн чиглэлээр суралцах сонголт хийх зэрэг өргөн хүрээний мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлж мэргэжлийн чиг баримжаагаа олох ач холбогдолтой юм.