ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНД

“ЭРДЭНЭС ҮТП” ХХК ОРОЛЦЛОО

Булган аймагт болсон Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл оролцлоо. Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд салбар хэлэлцүүлгийн модератораар Хойд бүсийн хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал ажиллав. Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт байгуулагдах Зэс боловсруулах цогцолбор “Эрдэнэт ҮТП” төслийг танилцууллаа.

Зэс боловсруулах цогцолбор “Эрдэнэт ҮТП” нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.7.2-т “Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна.” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтын 13-т “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх төсөл” гэж тус тус тусгагдан батлагдсан төсөл юм.