ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭ: ХОЙД БҮСЭД ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт дөрөвдүгээр сарын 28-ны өдөр амжилттай боллоо.

Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ“ сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсад үүсэж буй эрсдэл, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав.

Мөн Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтдаг хойд бүсийг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн болон аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлнэ. Тус бүсэд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс “Эрдэнэс ҮТП” ХХК нь 6 байршилд буюу:

1. Орхон аймагт Зэс боловсруулах цогцолбор “Эрдэнэт ҮТП”

2. Дархан-Уул аймагт Ган үйлдвэрлэлийн цогцолбор “Дархан ҮТП”

3. Өмнөговь аймагт Кокс-Химийн цогцолбор “Тавантолгой ҮТП”

4. Хэнтий аймагт Жонш, цахиурын цогцолбор “Бор-Өндөр ҮТП”

5. Сэлэнгэ аймагт Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор “Хөтөл ҮТП”

6. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт Нүүрс-Химийн цогцолбор “Багануур ҮТП”-уудыг төр-хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулахаар паркийн удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.