“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, ОРХОН АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс ҮТП” ХХК, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Эрдэнэс ҮТП” ХХК-ийг төлөөлж Төслийн менежер Б.Мягмаржаргал, нөгөө талаас Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар гарын үсэг зурлаа.

Талууд санамж бичгийн хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 3.3.6-д Орхон аймагт зэс боловсруулах, металлурги-химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна гэж тусгагдсаны дагуу хамтран ажиллах юм.

Тухайлбал;

Орон нутгийн удирдлага, хамаарах бүс нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг оролцогчдод хүнд үйлдвэрийн салбарын онцлог, салбарын хууль тогтоомж болон бодит үр нөлөөг таниулахад чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах

“Үйлдвэрлэл, технологийн парк”-д нэн шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах зорилгоор өсвөр үеийнхэнд зориулсан “Эрдэнэс инженер” хөтөлбөрийг хамтран орон нутагт хэрэгжүүлэх

“Эрдэнэс ҮТП” ХХК нь “Үйлдвэрлэл, технологийн парк”-д шаардлагатай ажлын байрны 60-иас доошгүй хувийг орон нутгаас хангах, цаашлаад ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх

Үйлдвэрлэл, технологийн паркт байгаль орчинд ээлтэй, шинэ технологид суурилсан үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх дэмжих чиглэлээр хамтран ажиллах

Хойд бүсийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах

Орон нутгийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нарыг тухайн үйлдвэрлэл технологийн паркад давуу нөхцөлтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллана.