“Be Engineer” подкастын эхний дугаарт УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор Ph.D Ж.Галбадрах оролцлоо. “Be Engineer” подкастыг “Эрдэнэс ҮТП” ХХК–ийн Төслийн менежер Б.Мягмаржаргал хөтлөн явуулж, зочинтой ярилцлаа.
Б.Мягмаржаргал: Мэргэжлийн чиг баримжаа олгох “Би инженер” подкастын анхны зочноороо бид УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор Ph.D Ж.Галбадрахыг урьж оролцуулж байна. Энэ удаагийн дугаараа өсвөр насныхан болоод эцэг эхчүүдэд маш чухал “Мэргэжил сонголтоо хэрхэн хийх вэ?” гэдэг сэдвээр ярилцана.
–Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та анх мэргэжлээ сонгож байсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

-Анхныхаа дугаарт урьж оролцуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Би МУИС-ийн физикийн ангийг төгссөн. Физикийн багш мэргэжилтэй. Ажлын гараагаа хөдөө орон нутгаас эхлээд хотын арван жилийн сургуульд багшилж байгаад “Шинэ Монгол” хувийн сургуулиа байгуулсан.
Эхний сонголтод багш их нөлөөлдөг. Би Батдорж гэдэг математикийн гайхалтай багштай байлаа. Тэр багш маань хүүхдийг их хөгжүүлнэ. Батдорж багш тэр өдрийн хичээлээ зааж байхдаа самбарын өнцөг дээр хоёр бодлого биччихдэг байсан. Түрүүлж бодсон хүүхдүүд нь тэр хоёрыг бодож байгаарай гэдэг. Надад тэр хоёр бодлого их сонирхолтой санагдана. Бодсон хүүхэд журнал дүүрэн онц авна гэдэг. Тийм дүн авсан хүүхэд чинь их баяртай болно шүү дээ. Тэгээд л Батдорж багш шигээ болох юмсан гэж бодож байгаад багш болсон доо.
–Манай компани болон манай подкастын зорилго нь улс оронд хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа инженер мэргэжлээр суралцах хүүхдүүдийн сонирхлыг төрүүлэх. Таны хувьд физизикийн шинжлэх ухааныг яагаад сонирхох болсноосоо ярина уу?
-Ер нь сургуулийн эцсийн үр дүн бол төгсөгчид нь ямар мэргэжлээр, ямар сургуульд суралцаж байна вэ гэдэг чухал. Сургууль мэргэжил сонголтын карьер төв нь байх ёстой. Мэргэжлийг дунд ангиасаа сонгох хэрэгтэй.
Миний барьдаг зарчим гэвэл хүүхдэд дунд ангид нь шинжлэх ухааны мэдлэгийг маш сайн өгөх. Хүүхдүүд тэр дундаас сонирхлоо олно. Энэ үед нь хөгжүүлээд харин ахлах ангид нь мэргэжлийн чиг баримжааг суулгана. Ахлах ангид нийгмийн ухаан, байгалийн ухаан гэж ерөнхийд нь ангилаад мэдлэгийг эзэмшүүлнэ.

–Орчин үед мэдээлэл авах хүрээ маш өргөн болсон учраас хүүхдүүд янз бүрийн байдлаар сонголтоо хийж байна. Энэ их мэдээлэл, нөлөөлөл дундаас яаж өөрийнхөө сонголтыг хийх вэ гэдэг эргэлзээ төрүүлээд байна …?
-Өмнө хэлсэнчлэн дунд ангид нь ялгах биш харин бүх шинжлэх ухааны суурийг бүгдийг тэгш өгөх хэрэгтэй. Тэр дундаас хүүхэд өөрөө сонирхлоо таньж, авьяасаа мэднэ. Сонирхол, авьяас хоёр нь нийлээд ирсэн энэ үед нь одоо чи мэргэжлээ сонго гэдэг чиглүүлгийг хийх нь зөв.
Эцэг, эхчүүд өөрийнхөө хэрэгцээ, шаардлагыг хүүхдээрээ хийлгэх нь хоцрогдсон арга. Би эмч учраас чи эмч бол эсвэл би компанитай учраас чи авч явах ёстой гэдэг тийм зүйл одоо үед байхгүй. Харин хүүхэд өөрөө сонирхож байвал болно.
Сонирхолтой мэргэжлээрээ, дуртай ажлаа хийж байж л хүн амжилттай явна, аз жаргалтай амьдарна. Мэргэжил, ажил хоёр бол хүнтэй насан туршид нь цуг явдаг зүйл. Би насаараа багшийн ажил хийлээ. Энэ мэргэжлийг сонгож, энэ ажлыг хийхдээ маш их аз жаргалыг мэдэрдэг. Би өмнө нь хүүхдүүдийг багш болоорой гэдэг байсан. Одоо харин инженер болоорой гэж хэлдэг. Цаг үеэ дагаад нэн шаардлагатай мэргэжлийн хомсдол үүсдэг.
[Text Wrapping Break]–Сонголтын үндэс бол авьяас, сонирхол юмаа гэлээ. Бид энэ подкастаа эхлэхээс өмнө эцэг эхчүүдээс санал асуулга авсан. Маш олон аав ээж хүүхдэдээ зөвлөж чадахгүй байна, хүүхдээ мэдэхгүй байна гэж байна. Энэ тал дээр та юу гэж хэлмээр байна?
-Мэргэжлийн мэдээлэл гэдэг зүйл бий. Маш олон төрлийн мэргэжил шинээр бий болж байна. Монголчуудын мэддэг мэргэжлүүд бүр нарийсан төрөлжиж байна. Бид энэ талаарх мэдээллийг нээлттэй өгөх хэрэгтэй. Бид хэдэн залуустай хамтраад “Мэргэжлээ сонгох танд…” гэдэг номыг бичиж байсан. Инженер хүн гэж хэн юм, юу хийдэг хүн юм гээд инженер хүний нэг өдрийн тухай гээд инженер нь өөрөө ярьж байгаа юм шиг агуулгатай. Тэгэхээр мэргэжлийн чиглэлийн албан ёсны мэдээллүүдийг авах хэрэгтэй. Эцэг эхчүүд, хүүхэдтэй танайх шиг подкастыг хамт сонсох, унших хэрэгтэй. Мөн сургуулийн багш нар маш их оролцоотой хүмүүс. Сүүлийн үед хүүхдүүдэд байгалийн ухаанаас зугтах үзэгдэл их байна. Математик, физик, химийн хичээл хэцүү санагдаад ийм суурьтай мэргэжлүүд цөөрнө гэсэн үг. Энэ мэргэжлийн хичээлийн багш дутмаг байна. Энэ тал дээр сургууль, багш нар анхаарч ажиллах нь зөв. Энэ хичээлүүдийг заах багш нарыг бэлдэж эдгээр хичээлийг дадлагатай, лабораторитой ордог болмоор байна. Дан томьёо заагаад байхаар хүүхдэд сонирхолгүй санагдана.[Text Wrapping Break]
–”Би инженер” төсөл маань 21 аймгаар явж хүүхдүүдэд инженер мэргэжлийн талаарх нөлөөллийн ажлуудыг нэлээд хийлээ. Хүүхдээс гадна эцэг, эхчүүдэд мэргэжлийн зөв мэдээлэл маш чухал гэдгийг бас олж харлаа. Таны зүгээс аав ээжүүдэд өгөх зөвлөгөө гэвэл…?
-Хүүхдээ сонс. Хүүхэдтэйгээ ярилц. Дэлхий дээр олон мэргэжил алга болж, олон мэргэжил шинээр бий болж байна. Хиймэл оюун ухаан улам хөгжинө. Энэ үед хэн сайхан ажилтай, карьер нь өндөр явах вэ гэвэл инженер суурьтай хүн л явна. Энэ бол гарцаагүй. Тиймээс хүүхдийг математик суурьтай байгалийн ухаан тал руу нь дурлуулах хэрэгтэй. Харамсалтай нь зарим сум орон нутагт математик, физик, химийн багшгүй сургууль байна. Энэ хичээлийг үзээгүй хүүхэд зугтахаас яах вэ дээ. Эцэг эхчүүд энэ хичээлүүдээр давтлага, сургалт нэмэлтээр авах, интернэтээр хичээл үзэх зэргээр хүүхдэдээ ойлгуулж дурлуулах хэрэгтэй. Энэ нөхцөлийг бүрдүүлж өгчхөөд дараа нь энэ мэргэжлийн хойноос хамтдаа явах хэрэгтэй. [Text Wrapping Break]Байгалийн ухаан тал руугаа 75%, нийгмийн ухаан руугаа 25% орчим нь сонголтоо хийдэг байхад Монгол Улс хөгжинө. Манай улс маш их байгалийн баялагтай. Энэ баялгаараа үйлдвэрлэл хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг инженерүүд л хийнэ. Инженерүүдэд хийх ажил маш их байна. Баялаг бүтээж байгаа учраас цалин үнэлгээ нь ч өндөр шүү дээ. Боломжууд маш их бий.
–Тийм шүү, манай улс нэгэнтээ аж үйлдвэр, уул уурхайн баялагтай улс. Энэ бүхнийг инженерүүд бүтээж байна.
Би танаас өөр сонирхолтой асуулт асуумаар байна. Та хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод хэрхэн оролцов?
[Text Wrapping Break]-Би долоон хүүхэдтэй, 10 ач зээтэй. Би залуудаа буюу оюутан байхдаа аав болсон. Зах зээл эхлээд том дөрвөө Япон руу дагуулж яваад тэр чиглэлээрээ нийгмийн ухаан талдаа мэргэжил эзэмшицгээсэн. Хуульч, эдийн засагч, хоёр нь багш болсон. Дараагийн хүү цаг үеэ дагаад IT, маркетингаар Австралид сурч байгаа. Дараагийн хоёр нь бага учраас одоо тэр хоёртоо л нөлөөлнө дөө. Би өвөө учраас зээ нарынхаа сонголтод дэмжлэг үзүүлнэ гэж боддог. Том ач маань цахилгааны инженер болох гээд Японд сурч байна. Хүүхдүүддээ хийгдэж байгаа бүтээн байгуулалт, кино гэх мэт үзүүлж байх нь чухал. Японд “Газрын одод” гээд дуу байна. Хийж бүтээж байгаа инженерүүдийг тэнд “Газрын одод” гэдэг. Тэр өндөр хүчдэлийн шон дээр байгаа, том том автомажуулалтыг хийж байгаа, зохион бүтээж байгаа инженерүүдийг харуулаад ийм хүмүүс бол газрын одод гээд NCHK телевизээр үзүүлж байна. Инженерүүд зохион бүтээж эхэлсэн тэр үед л түүх хөдөлсөн гэж үздэг аж. [Text Wrapping Break]Япон техник технологийн хөгжлөөрөө гарамгай. Их дээд сургуулийнх нь хөтөлбөр үнэхээр сайн. “Шинэ Монгол” сургуулийг төгссөн олон хүүхэд Японд суралцдаг. Энэ жилийн өнгөрсөн дөрөвдүгээр сард 34 хүүхэд төгссөнөөс 21 нь инженер мэргэжлээр Япон явлаа.
–Таныг тэтгэлэг их олгодог, олгохдоо хүүхдүүдтэй уулзаж ярилцдаг гэж сонссон. Хүүхдүүдэд тэтгэлэг олгохдоо юуг нь чухалчилж хардаг вэ?
-”Шинэ Монгол” сургууль 4 ахлах ангитайгаас 3 нь байгалийн ухаан, нэг нь нийгмийн ухааных. Сургууль дээрээ инженер хүмүүсийг урьж, их яриулдаг. Хүүхдүүд аяндаа сонирхоод ирдэг. Ингээд яг гадаад явах үед нь анхны сэтгэгдлийг нь цаасан дээр бичүүлж авдаг. Эргэж ирээд юу бүтээдэг инженер болох юм гэдгийг тэтгэлгээ аваад баярлаж хөөрсөн тэр гоё сэтгэгдлээр нь гараар бичүүлж аваад нэг хувийг нь өөрт нь, нэг хувийг нь би хадгалдаг. Дараа нь уулзахаараа анхны сэтгэгдлээ мартаагүй биз дээ гэхэд мартаагүй ээ л гэдэг. Чи ямар инженер болно гэлээ тэрийг нь багш нь мартаагүй гээд сануулаад байдаг. Чи атомын станц барина гэсэн шүү дээ, Нобелийн шагнал авна гэсэн, Монголдоо анхны машины үйлдвэр барина гэсэн шүү дээ гэх мэтээр хүүхдүүдийн мөрөөдлийг хадгалаад сануулдаг.

–Аав ээж нар хүүхдүүдтэйгээ олон мэргэжлийн талаар ярилцаад ажлын байранд нь очиж танилцвал маш үр дүнтэй байх нь. Мэргэжлүүдийн талаар танин мэдэх тусам сонголт өргөн болох нь. Энэ их зөв арга санагдлаа…?
-Тийм шүү. Хүүхдүүдийг хүнтэй уулзуулахаас гадна ажлын байртай танилцуулахад шууд өөрчлөгддөг нөлөөтэй арга. Инженер болно гэж байгаа хүүхдүүдийг Оюутолгой, Тавантолгой гээд том төслүүд дээр ажлын байранд нь аваачиж үзүүлэх хэрэгтэй. Барилгын инженер болъё гэхэд бүтээн байгуулалтуудыг нүдээр нь үзүүлэх гэх мэт.
–Миний харж байгаагаар хоёр төрлийн эцэг эх байх шиг байна. Эхнийх нь хүүхэдтэйгээ хэт их зууралдаж сонголтыг нь удирддаг, дараагийнх нь өөрөө мэдэг гээд хүүхдээ хаячихдаг. Хоёулаа л эрсдэл дагуулна. Энэ тал дээр та юу хэлмээр байна?
-Багш-хүүхэд-эцэг эх гээд гурвалсан уулзалтыг үе үе хийж бай гэж зөвлөмөөр байна. Хамгийн чухал хоёр талын хүнтэйгээ ярилцаж байгаа учраас хүүхдэд энэ их сайхан яриа болдог. Бүх зүйлийг нь хүүхдийнхээ өмнүүр орж хийж, шийдэж болохгүй. Бас өөрөө мэд гээд зөнд хаяж бүр болохгүй. Сонголтын хувьд эцэг эх үргэлж хамтрагч, дэмжигч байр сууринаас хандаж найз шиг нь л байх хэрэгтэй. Хайртай охин, хайртай хүүгээ аз жаргалтай ирээдүйг бүтээгээсэй гэж хүсэж байгаа бол аав ээжүүд өөрсдөө бас уншиж судлах, суралцах хэрэгтэй.
–Эцэг эхчүүд бүгд бидний хүссэн шиг байхгүй нь тохиолдлууд бий. Бас хүүхэд амьдралын янз бүрийн бэрхшээлээс болоод өөрөө бие дааж шийдвэр гаргах нь ч үе бий. Тийм хүүхдүүдэд та багш хүний хувьд, эцэг хүний хувьд юу гэж зөвлөх вэ?
-Өгсөн шалгалтын оноо эсвэл ороход амар сургууль юмуу хэн нэгний хүсэл шаардлагаар мөрөөдлөө битгий хязгаарлаарай. Өөрийн бодолгүй, мөрөөдөлгүй сонголт хийх нь хамгийн буруу. Шалгалт өгөх хичээлдээ тааруу байж болно. Бүү яар, цаг байна. Бэлд, суу, суралц. Хүний амьдралын маш гоё нэг зүйл нь өөрөө шийдээд зориод тэр мөрөөдөлдөө хүрэх мэдрэмж байдаг.
–Сүүлийн үед залуусыг амжилттай бол, амжилттай бай гээд залхтал уриалах хандлагууд их болж. Таныхаар хүн болгон тэр хүмүүсийн хэлж байгаа шиг амжилттай байх ёстой юм уу?
-Амжилт, аз жаргал гэдэг үгийг жинхэнэ утгаар нь өөрөө өөртөө гаргаж ирэх хэрэгтэй. Том байшинтай, үнэтэй машинтай болохыг хэлэх юм уу. Өнөр өтгөн гэр бүлтэй өөрийнхөө дуртай ажлыг хийгээд явахыг хэлэх юмуу гэдгээ мэдэх. Амжилт бол шат шатаараа өгсөж байгаад өөрийнхөө зорьсонд хүрэх байж болно. Дуртай мэргэжлээрээ, дуртай их сургуульдаа орлоо, сургуулиа төгслөө энэ бол амжилтын гурван шат. Амжилт гэдэг жижиг жижиг шатаар өгсөх үйл явц болохоос төгсгөлд нь байж байгаа оргил биш. Би хүүгээ жилийн чөлөө авахуулаад барилгын бүтээн байгуулалт хийж байгаа газарт ажиллуулж үзсэн. Тэнд хүмүүс яаж ажилладгийг харуулсан. Энэ бас л амжилттай байх үндсийг тавьж бай нэг хэлбэр. Амжилт гэхээр цаг хугацааны хувьд дандаа урагшилж нэг замаар явах биш хажуугаар нь зэрэгцээ замаар явж болох нь байна шүү дээ.
Биднийг урилгыг хүлээн авч үнэтэй зөвлөгөө сургамжаа эцэг эхчүүд, хүүхдүүдэд хэлсэн танд баярлалаа.
