КОМПАНИ БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ¼-ИЙГ БИРЖЭЭР АРИЛЖААЛБАЛ АМНАТ-ЫГ БИРЖИЙН ҮНЭЭР ТООЦНО

АМНАТ-ыг өмнө нь жишиг үнээр тооцож, бодит борлуулалтын үнэлгээнээс 20-50%-иар өндөр төлбөр ногдуулдаг байсан. Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрс 22.6%, хайлуур жонш 54.3%, төмрийн хүдрийг 26.6% илүү үнээр тооцон авч, аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэж байсан юм.

Харин журамд өөрчлөлт оруулснаар бодит үнэлгээ, биржийн үнээр тооцдог зарчимд шилжихээр болсон тухай Засгийн газрын хуралдаанд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Шинэ журмаар экспортлогч компани бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүний АМНАТ-ыг биржийн үнээр тооцох аж. Ингэснээр биржийн арилжаа нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрөхөөр тооцжээ.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй байдлаас шалтгаалан зогссон 47 баяжуулах, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж шийдэгдэж, 30 гаруй компанийн 55 гэрээгээр 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна.

Энэ нь Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дотоодын борлуулалтыг биржээр хийх журам мөрдөж, цаашид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон.

Энэ нь боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарцыг нээгдэх боломж бүрдэж байгаа юм. Шинэ журам 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчинтэй.