“УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ” ИРЭХ САРЫН 11-13-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

“MiningWeek & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн арга хэмжээ “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт & Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд болох юм.

“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн бодлого, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, шинэ эрчим хүч, газрын тосны салбарын сорилт, дэвшилтэт технологи зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч, оролцогч талууд үйлдвэржилтийн гинжин хэлхээг тогтвортой хангах, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлого, чиг хандлагыг хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөгдсөн байна.

“MiningWeek & MinePro 2025” арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулна.