“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, БОР-ӨНДӨР СУМЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс ҮТП” ХХК болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжлийн боловсролын сургууль хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, “Бор-Өндөр” Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал О.Гибрат нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК болон Бор-Өндөр сум дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн хооронд хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж, үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилготой юм.

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулагдах Жонш, цахиур боловсруулах цогцолборын төслийг “Эрдэнэс ҮТП” ХХК хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр жонш, цахиур, төмөр, нүүрс-эрчим хүчний кластер үйлдвэрүүд байгуулагдаж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.