Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн хараат байдлаас гаргах, импортын хамаарлыг бууруулахын тулд цаашид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, инновац, технологийн дэвшилд суурилсан салбаруудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үйлдвэр, технологийн паркуудыг байгуулж хөгжүүлэх нь шийдвэрлэх нэг чухал арга зам билээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бөгөөд бодлогын баримт бичгүүд гарсан байгаа ч паркийн төлөвлөлт, дэд бүтэц, нөөц, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт, оролцогч талуудын ашиг сонирхол, зохицуулалттай холбоотой тодорхойгүй олон асуудлууд байна. Олон жил яригдаж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах ажлыг хөдөлгөхийн тулд хувийн хэвшлийн сонирхлыг төрүүлэх замаар татан оролцуулах, төр хувийн хэвшлийн болон бусад сонирхогч талуудын хамтын ажиллагааг өрнүүлэх эрс шийдэмгий арга хэмжээнүүдийг авах цаг нэгэнт болсон.

Засгийн газраас Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах байршил, чиглэл, ерөнхий төлөвлөлтийг тодорхой болгосон тохиолдолд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, зам дэд бүтцийг төлөвлөн, паркуудыг барьж байгуулахад хувийн хэвшлийг татан оролцуулах нөхцөл бүрдэх болно.
МҮХАҮТ-ын хувьд уул уурхайн бус экспортыг дэмжих, инновац шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олон улсын байгууллагуудын санхүүжилтээр жижиг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Танхимаас Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэхэд нэг чухал хүчин зүйл нь инновацын таатай орчныг бүрдүүлэх экосистем гэж үзэж байгаа бөгөөд төр-их дээд сургууль- бизнесийн салбар гэсэн инновацын гурвалсан эргүүлгийн загвар (Triple Helix Model of Innovation)-ын хамтын ажиллагааг бий болгоход тодорхой чиг үүрэгтэй оролцох боломжтой юм.
МҮХАҮТ ба Эрдэнэс үйлдвэр технологийн парк хооронд 2024 оны 5 дугаар сард байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, паркийн нэгжүүдэд бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, судалгаа, хөгжлийн төвүүдийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Энэ нь үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх чиглэлд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэг сайн эхлэл бөгөөд сайн туршлага болж чадна гэж үзэж байна.
