АЖ ҮЙЛДВЭРТ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс ҮТП” ХХК нь  Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу Төслийн үнэлгээний хороог байгуулан ажиллаж байна. Төслийн үнэлгээний хороо нь  үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх, төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хуулийн этгээд, бизнес инкубатор, сургалт, судалгаа хөгжлийн байгууллагуудаас төслийн саналыг хүлээн авах, шаардлага хангасан төсөлд үнэлэлт дүгнэлт өгөх, хамтран ажиллах, паркийн нэгжийн гэрээ байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготой юм.

Энэ хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр  “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төслийн үнэлгээний хорооны гишүүдтэй “Guroboru Gurin Enaji” ХХК-ийн Гүйцэтгэх захирал И.Буянхишиг уулзаж “Сэргээгдэх эрчим хүчний төсөл”-ийн талаарх танилцуулга, мэдээллийг өглөө. “Guroboru Gurin Enaji” ХХК нь Турк улсын Proje limited болон Япон улсын Asian Gateway компаниудын төлөөлөгч компани  бөгөөд  цаашид  олон улсын жишигт нийцсэн эрчим хүчний шийдлийг бүтэцжүүлэх, хөгжүүлэх зорилготой юм.

Талууд  сэргээгдэх эрчим хүчний төслийн хүрээнд манай улсын эрчим хүч, аж үйлдвэрийн бодлоготой уялдуулж, найдвартай, тогтвортой байдлыг дээшлүүлэх, эрчим хүчний өртгийг урт хугацаанд бууруулах, нүүрстөрөгчийн үнэлгээг оновчлох, үе шаттай өргөтгөх боломжуудын талаар санал солилцлоо.