
Ц.Одхүү “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга
“Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн зүгээс 2025 оны ололт амжилт, оноо алдаа, ахиц дэвшлийг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд засаглал, манлайллыг шинэ түвшинд хүргэх, аж үйлдвэрийн томоохон төслүүдээ урагшлуулахад онцгой анхаарч ажилласан.
Нэгдлийн удирдлага, засаглал, санхүү, эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн үндсэн тогтолцоонууд бодитой бүрдэж, үр дүн нь тоон үзүүлэлтээр гарч эхэлсэн нь гол ололт байв. Тухайлбал Нэгдлийн хэмжээнд 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөгийн орлого олж, 2.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, гадаад валютын нөөцөд 3.5 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Хамгийн чухал нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Хуримтлалын санд 2025 онд нэг их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээхэд чиглэгдсэн байна.
Мөн хуримтлагдсан өр төлбөрүүдээ цэгцэлж, “Багануур”, “Шивээ Овоо” компанийн Сангийн яамнаас дамжуулан зээлсэн зээлүүдийн үлдэгдэл өр төлбөр 111.9 тэрбум төгрөг, татварын өр 84.4 тэрбум төгрөгийг 2025 оны IV улиралд багтаан “Эрдэнэс Монгол” ХХК-иас барагдуулж улсын төсөвт төвлөрүүллээ.
Нэгдлийн хэмжээнд үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд нэмэгдэж, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр зэсийн баяжмал 566.2 мянган тонн, молибдений баяжмал 5.6 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2,758.8 мянган тонн, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэл 33 мянган тонн, мөнгө-алтны баяжмал 9.98 мянган тонн, цемент 290 мянган тонн, шохой 31.6 мянган тонн үйлдвэрлэлийн үзүүлэлттэй байна. Геологи хайгуулын ажлаа эрчимжүүлж, ашигт малтмалын нөөцөө нэмэгдүүлэн, уул уурхайн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхэд анхаарч, Нэгдлийн геологи хайгуулын стратеги бодлогын баримт бичгүүдийг батлууллаа. Олон улсын зах зээлийн чиг хандлага, ногоон эрчим хүчний шилжилт, ирээдүйн нөөц боломжуудаа харгалзан Нэгдлийн 10 чухал ашигт малтмалыг нэрлэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Томоохон орд газруудаа олон улсын стандартад нийцүүлэх хүрээнд Шивээ Овоогийн хүрэн нүүрсний ордын нарийвчилсан хайгуулын хээрийн ажлын I, II үе шатыг олон улсын ЖОРК стандартын дагуу 2025 онд дуусгалаа.
Мөн Багануурын ордын Баруун хонхор нэртэй тусгай зөвшөөрлийн талбайд ногдох нөөц 2015 оноос хойш нөөцийн бүртгэлгүй байсныг 2023 онд нөөцийн тайланг шуурхай боловсруулж, батлуулсан.
Олон улсын томоохон нэгдэл компаниудын дагаж мөрддөг төслийн удирдлагын жишиг иж бүрэн тогтолцоог нэвтрүүллээ. Үр дүнд нь нэгдлийн 77 төслөөс хэрэгжүүлэхэд бэлэн 14 төслийг эрэмбэлж, нэн түрүүнд 2 төслийг өөрийн санхүүжилтээр эхлүүлээд байна.
Баялгийн өгөөж 51 хувиас дээш Монголын талд ногдох, давуу эрхийн хувьцаа, тусгай АМНАТ-аар борлуулалт эхэлсэн цагаас өгөөж хүртэх эрх зүйн зохицуулалтыг оруулж чадсан.
Бид уул уурхайн салбарт Монголын эрх ашгийг урт хугацаанд хамгаалсан, иргэдэд өгөөжтэй, олон улсын жишигт нийцсэн шийдлүүдийг бодит ажил болгож чадсан. Үүний тод жишээ бол Францын Орано Майнинг компанитай байгуулсан, уул уурхай, ашигт малтмалын салбарт жишиг тогтоосон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Үндсэн хуулийн “Баялагтаа эзэн байх” суурь зарчимд нийцүүлж, баялгийн өгөөж 51 хувиас дээш Монголын талд ногдох, давуу эрхийн хувьцаа, тусгай АМНАТ-аар борлуулалт эхэлсэн цагаас өгөөж хүртэх эрх зүйн зохицуулалтыг оруулж чадсан.
Мөн олон улсын хөрөнгө оруулалтын банкуудын ашигладаг FAST стандартад нийцсэн санхүүгийн загварчлалыг 70 жилийн өгөгдөлд тулгуурлан боловсруулсан нь цаашдын хөрөнгө оруулалтын хэлцэлд чухал жишиг болно гэдэгт итгэж байна.
Үүнээс гадна аж үйлдвэрийн гинжин хэлхээ, үйлдвэрлэл технологийн паркуудын төслийн удирдлагын иж бүрэн тогтолцоо, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, “Хариуцлагатай уул уурхай – Ногоон бүс” зэрэг ажлууд нь “Эрдэнэс Монгол” нэгдлийг зөвхөн олборлогч бус, тогтвортой хөгжил, хариуцлагатай менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч гэдгээ харууллаа.
Нэгдлийн 2026 оны стратегийн гол зорилтуудаасаа та танилцуулна уу?
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2026 оныг “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлана. Энэ хүрээнд Нэгдлийн хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах, сахилга хариуцлагыг сайжруулах, цалингийн тогтолцоог оновчтой, ил тод, нээлттэй болгох, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой хийж үр ашигт суурилсан шинэчлэлийг эхлүүлнэ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний бизнесийн өсөлтийг чухалчлан Нэгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:
- ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр Нүүрс-Пиролизын үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх
- Үндэсний баялгийн санг арвижуулах хүрээнд стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, АМНАТ-өөр орлуулах чиглэлд үүсмэл орд, Тавантолгой, Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордуудад үйл ажиллагаа явуулдаг ААН-тэй хэлэлцээ хийх, мөн Оюу Толгой ордоос Монгол Улсад ноогдох үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээнд дэмжлэг үзүүлж ажиллах
- Газрын ховор элемент, лити, ураны нөөцийг өсгөх зорилгоор хэтийн төлөв бүхий талбайд тойм судалгааны ажлыг гүйцэтгэж, тусгай зөвшөөрөл эзэмших
- Ашигт малтмалын ордын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн үнэлэх, нөөцийн тайлан боловсруулах, хөрөнгийн биржид гаргах урьтач нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Асгатын мөнгөний ордуудад хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх
- Нэгдлийн уурхайн хүнд машин механизмын парк ашиглалтыг сайжруулах, жигдрүүлэх техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулах чиглэлд “Эрдэнэс Монгол” нэгдлийг бодлого, зөвлөмжөөр дэмжин ажиллах зорилтуудыг тавиад байна.
Сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд томоохон ажлууд төлөвлөгдсөн гэсэн. Энэ талаараа ярина уу?
Сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлэх зорилго бол бидний хувьд маш чухал. Тиймээс энэ хүрээнд Нэгдлийн компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг хангах, Нэгдлийн БОНЗ тайлагналыг нэвтрүүлэх зөвлөх компанитай хамран ажиллах, мөн нэгдлийн “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталж, мөрдүүлэх зорилгуудыг хэрэгжүүлэн ажиллана.
Үйлдвэрлэл технологийн паркийн ажиллах хүчнийг бэлтгэх хүрээнд БНСУ, Япон, Оросын холбооны улсад шаардлагатай нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд анхаарч ажиллана.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнөөр хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлж ажиллах хүрээнд Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д нэмэлтээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд эдийн засагт маш том хувь нэмрийг оруулдаг. Таныг бодлогын түвшинд ажиллаж байсан туршлагатай хүний хувьд асууя. Аж үйлдвэрлэлийн салбарт тулгардаг гол бэрхшээлүүд болон түүнээс гарах арга замыг хэрхэн харж байна вэ?
Монгол Улсын экспортын орлогын 93 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тэр дундаа экспортын орлогын дийлэнх хувийг “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрдүүлдэг мөн гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлдэг. 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдлийн компаниудын хувьд нийт орлогын 50 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК бүрдүүлэхээр байна.
БНХАУ-ын зах зээл дэх нүүрсний үнийн уналтаас шалтгаалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны борлуулалтын орлого төлөвлөснөөс 3.4 их наяд төгрөгөөр буюу 951 сая ам.доллароор (36%) буурч, төсөвт төвлөрүүлэх татварын орлого 747 тэрбум төгрөгөөр тасрах нөхцөл байдал үүссэн. Эдийн засгийн энэ нөхцөл байдлын сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа, бүрэлдэхүүн компаниудын 2025 оны орлого үр дүнгийн зорилт, хөрөнгө оруулалтын төсөв, төлөвлөгөөг дахин тодотгож, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажилласан.
Үүний хүрээнд нийт 4,070 тэрбум төгрөгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр бодит хэрэгжилт 4,024 тэрбум төгрөгт хүрч, үүрэг даалгаврын биелэлт 99 хувь байхаар байна. Ингэснээр нүүрсний үнийн уналтаас шалтгаалан “Эрдэнэс Монгол” нэгдлийн улс, орон нутгийн төсөвт төлөх татварын орлого буурах нөхцөл байдал үүсээд байсныг сааруулж, төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг 323 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 587 сая ам.долларын гадаад валютын нөөц дутагдах эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна.
Эндээс харахад уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх хүрээнд урт хугацаанд Үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалах, богино хугацаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн борлуулалт, логистикийн стратегид туссан БНХАУ-ын гүнд нүүрсээ ахиуц үнээр борлуулах зорилгоор БНХАУ-тай хамтарсан компани байгуулах, судалгааны ажлыг гүйцэтгэх шаардлага байна.
Эх орныхоо эрдэс баялгийг илүү үнэ цэнтэй баялаг болгон бүтээх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд юуны өмнө бид бүхэнд хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлтгэх болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал байна. Энэ тал дээр ТУЗ-өөс баримтлах бодлогын талаар та ярина уу?
Хөрөнгө оруулалт татах хүрээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Fitch агентлаг 2025 оны 9 дүгээр сард B+ тогтвортой түвшинд хэвээр үлдээж, Moody‘s 2025 оны 10 дугаар сард B1 тогтвортой ангилал руу дээшлүүлсэн нь Монгол Улсын гадаад зах зээлээс хөрөнгө татах өртгийг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Үүнийг бид боломж хэмээн харж ирэх жил ҮТП-ийн үндсэн үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллана. Тухайлбал олон жил яригдсан Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгож, гэрээ байгуулж, үйлдвэрийг барьж байгуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.
Төслийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо ТУЗ-ийн 2025 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан Төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бодлого болон холбогдох журам, аргачлалыг хялбаршуулсан тайлбар, жишиг загвар, нэмэлт зөвлөмж байдлаар дэлгэрүүлэн боловсруулсан “Эрдэнэс Монгол” нэгдлийн төсөл хэрэгжүүлэх зааврыг баримталж ажилласнаар хэн нэгэн хөрөнгө оруулагчид давуу байдал олгохгүй, олон улсын төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх жишиг загварыг баримталж, сонгон шалгаруулалт, хамтын ажиллагааг илүү нээлттэй, ил тод явуулах боломж бүрдэнэ.
Хүний нөөцийн хувьд гэвэл “Эрдэнэс Монгол” нэгдэл болон бүрэлдэхүүний компаниуд БНСУ-тай чухал ашигт малтмалын судалгаа, геологи хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд тус улсад болсон “Чухал ашигт малтмал – Уул уурхайн хөрөнгө оруулалт 2025” уулзалтын үеэр хэд хэдэн чухал санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд ирэх жил, БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд 500 оюутан инженерийн чиглэлээр суралцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх ажилд анхаарна. БНСУ-д 450 дээд сургууль байдаг бөгөөд зөвхөн 9 сургууль нь эрдэс баялаг, инженерийн чиглэлээр сургадаг. Чонбук их сургууль нь уурхайн тэсэлгээний судалгаа, ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дагнан мэргэжилтэн бэлтгэдэг онцлогтой.
