
Ж.Ганбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн Үйлдвэрлэл, технологийн зөвлөлийн зохицуулагч
Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
Уул уурхайн салбарт тулгамдсан асуудлууд олон бий. Сэтгүүлийн өмнөх дугаарт хууль, эрх зүйн орчны шинэчлэл, түүний үр ашгийн талаар хангалттай хэлэлцсэн тул энэ удаа бид “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд тулгамдаж буй асуудлууд болон гарц шийдлүүдийг тодруулж хуваалцъя.
Дэд бүтцийн гол хүндрэлүүд
Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн усны хэрэгцээ хурдтай өсөж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хангах усны нөөц дутагдаж байна. Одоогоор Загийн усны хоолой усны ордоос жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрээ усаар хангаж байгаа ч цаашид жилд 20-30 сая тонн нүүрс угаах шинэ хүчин чадал, нэмэлт усны нөөц шаардлагатай болсон.
Тухайн ордын техник эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) нүүрсний дийлэнх хувийг угааж, хольж, чанарыг дундажлан ашиглах нь үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангана гэж тооцсон байдаг. Тиймээс дунд хугацаанд Цагаан цаваас нэмэлт ус татаж, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл болон Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг эхлүүлэх, харин урт хугацаандаа Хэрлэн–Тоонот болон бусад гадаргуун усны гол төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн дэд бүтцийн асуудал хамгийн том асуудал болж байна.
Эрчим хүчний хүндрэл, цахилгаан станцын шийдэл
Цахилгааны эх үүсвэр, хомсдол нь уул уурхайн салбарын үйл ажиллагаанд томоохон саад учруулсаар ирсэн. Ихэнх техник хэрэгсэл дизель түлшээр ажилладаг тул бүтээгдэхүүний өөрийн өртөг ихээхэн өсөж, олборлолтын зардлын 40-50 хувийг цэвэр түлшний зардал эзэлж байна. Харин цахилгааны хямд эх үүсвэртэй болсон тохиолдолд энэхүү зардал дор хаяж тав дахин буурах боломжтой.
Эрдэнэс Тавантолгой ХК-д цахилгаан станцын төсөл 10 гаруй жил яригдсан ч тендерийн маргаан, хариуцлага, удааширсан шийдвэрээс болж өнөөдрийг хүртэл эхлээгүй яриа хэвээр байна. Энэ бүх шалтгаанаас харвал цаашид эрчим хүчний станц байгуулах ажлыг хувийн хэвшилд даатгах шаардлага улам бүр тодорч байна. Мөн сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үнэ улам хямд болж, зах зээлд өрсөлдөхүйц боломжууд нээгдсэнийг онцлох хэрэгтэй.
Бодит цагийн өгөгдөлд тулгуурлан хэмжих, хянах боломж бүрдсэнээр “Хэмжиж чадвал, удирдаж чадна” гэсэн зарчим практикт хэрэгжиж эхэлнэ.
Техник, технологи, судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалт
Өнөөдөр техник, технологийн шинэчлэл нэгдлийн уул уурхайн компаниудын түвшинд ус агаар мэт зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна.
Нэгдлийн хэмжээнд судалгаа шинжилгээнд оруулж буй хөрөнгө оруулалт хангалтгүй байна. Дэлхийн тэргүүлэх уул уурхайн компаниудын хувьд жилийн орлогын 0.5 хувийг судалгаа шинжилгээ, шинэчлэлд зарцуулдаг бол “Эрдэнэс Монгол” нэгдлийн судалгаа шинжилгээний зардал үүнээс 30 дахин бага байгаа нь шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Тиймээс цаашид судалгааны ажлын тоо, чанарыг нэмэгдүүлж, олон улсын шаардлагад нийцсэн шийдвэр гаргалттай болох нь чухал.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, шинэ дэвшилтэт технологи, ноу-хауг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаач нартай хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага байна.
Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй далд уурхайн Longwall системийг судалж, хайгуул судалгааны ажлыг эхлүүлээд байна. Учир нь ордын хатуу коксжих нүүрсний 3,4-р давхаргын өндөр чанартай нөөц зарим хэсэг нь 800 метрийн гүнд байрладаг тул зөвхөн далд уурхайгаар үр ашигтай ашиглах боломжтой болно.
Удирдлага ба дижитал шилжилт
“Эрдэнэс Монгол” нэгдэл уул уурхайн нэгдсэн ERP систем буюу нэгдсэн удирдлагын систем хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд нэгдлийн уурхайнуудад диспетчерийн хяналтын системийг үе шаттайгаар нэвтрүүлснээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэмжээнд диспетчерийн хяналтын систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ системийг нэвтрүүлснээр уурхайн бүхий л үйл ажиллагааг бодит цагийн горимоор хянах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, техник ашиглалт, бүтээмж, зардлын хяналт, шийдвэр гаргалтыг илүү оновчтой болгож, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой юм. Бодит цагийн өгөгдөлд тулгуурлан хэмжих, хянах боломж бүрдсэнээр “Хэмжиж чадвал, удирдаж чадна” гэсэн зарчим практикт хэрэгжиж эхэлнэ.
Цаашдын зорилго, шинэ бодлого
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2026 он гэхэд олон улсын жишигт нийцсэн тогтвортой, уул уурхайн бодлого, тогтолцоо бүрдүүлэх, үйлдвэрлэлийн удирдлага, менежментийг олон улсын стандартын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр компанийн хөгжил, улс орны эдийн засагт загвар болохуйц хуримтлал, хөрөнгө оруулалт, менежментийн шинэ соёлыг бий болгох боломжтой гэж үзэж байна.
