Аж үйлдвэрийн “Шувууны үүр” -ээс улсын хөгжил эхэлнэ

Н.Мөнх-Идэр “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

БНХАУ, Хэбэй их сургуулийн бакалавр (Үйлдвэрлэлийн удирдлага) Жэжяний их сургуулийн магистр (Хөгжлийн эдийн засагч)

Сэтгүүлийн өмнөх дугаарт Монгол Улсын аж үйлдвэржилтийн түүх, өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндөж, өнөөдрийг хүртэл бие даасан, тогтвортой эдийн засгийн суурийг бий болоогүй байна гэх дүгнэлтэд хүрсэн. Энэ нөхцөлд хүргэж буй гол шалтгаан нь хүнд үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүхий “Шувууны үүр” хараахан бий болоогүй буюу эрх зүйн орчны шинэчлэл, төрийн дэмжих бодлого үгүйлэгдэж байгаагийнх. Энэ удаагийн дугаарт олон улсад аж үйлдвэрийн салбарыг дэмжих ямар бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан талаар болон бид эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар авч үзлээ.

Манай улсын хувьд нийт экспортын 90% гаруй, нийт гадаад худалдааны 65% орчмыг дангаар эзэлдэг БНХАУ нь эдийн засаг хамтын ажиллагааны хувьд хамгийн гол түнш төдийгүй уул уурхайн салбарын гол зах зээл. Нөгөө талаар тус улс нь ашигт малтмал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гол өрсөлдөгч гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэл бид уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнхийг хүдэр болон баяжмал хэлбэрээр шууд экспортолж, БНХАУ-ын хойд болон зүүн бүсийн хими-металлургийн үйлдвэрийн түүхий эдийг хангаж байна. Хөрөнгө оруулагчийн хувьд Монголд боловсруулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох нь ашигтай байна уу эсвэл түүхий эдийг шууд экспортолж Хятадын дотоодын үйлдвэрт боловсруулах нь ашигтай байна уу гэдэгт тооцоолол хийж шийдвэр гаргах нь ойлгомжтой. Иймд бидний зүгээс аль болох Монгол Улс дотроо боловсруулж экспортлоход хэрхэн харьцангуй давуу тал бий болгох вэ гэдэг нь чухал зорилт болж байна. Иймд урд хөршийн аж үйлдвэржилт, тэр дундаа ашигт малтмалын боловсруулах салбарыг хэрхэн бодлогоор дэмждэг талаар судлан үзэж, харьцуулалт хийж, эрх зүйн орчноо боловсронгуй болгох нь нэн чухал.
БНХАУ нь 1976 онд V таван жилийн төлөвлөгөөнд хүнд үйлдвэрлэлийн салбарыг тэргүүлэх чиглэл болгож “Шинэчлэлт-нээлт”-ийн бодлого баримталж эхэлсэн бөгөөд 1981-2000 он хүртэл маш олон дэмжлэг бүхий эрх зүйн орчныг бүрдүүлж “Эдийн засгийн онцгой бүсүүд” буюу Special Economic Zone-ийг үе шаттайгаар хэдэн зуугаар нь байгуулж тэр дундаа Нанжин, Чанша, Шихөзи, Сүжөү зэрэг Economic and Technology Development zone-уудад аж үйлдвэрийн паркууд байгуулж хөрөнгө оруулалт татах төвүүд болгон хөгжүүлсэн. Энэ үеийг Хятадын үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтыг “Татах үе” гэж нэрлэдэг. Харин 2000-2020 он хүртэлх үеийг “Бэхжүүлэх үе” гэж тодорхойлдог бөгөөд аж үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурдацтай хөгжлийн үе байсан бол 2020 оноос хойш “Хөгжүүлэх үе” эхэлж өндөр технологи, мэдээллийн технологи, ногоон хөгжилд чиглэсэн бодлого баримталж эхэлжээ.

Өнөөгийн бидний аж үйлдвэрлэлийн хөгжлийн үе шат нь БНХАУ-ын далай дагуух зүүн бүсийн 1930-1950 оны үетэй, хойд бүс буюу ӨМӨЗО-ны 1995-2000 оны үетэй ижил түвшинд байна гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр төмрийн хүдрээс ган хайлуулах, зэсийн баяжмалаас катодын зэс үйлдвэрлэх, жоншоос фторт устөрөгч үйлдвэрлэх зорилттой ажиллаж байгаа бол эдгээр бүс нутгууд нь тухайн үед дээрх үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж байжээ. Хятад улсын дээрх 3 үе шатанд төрөөс дэмжих бодлого нь харилцан адилгүй байсан бөгөөд “Татах үе”-ийн боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлдэг татварын болон татварын бус дэмжлэгүүд нь илүү далайцтай байсан бол өнөөдөр инновац, шинэ технологид чиглэсэн дэмжлэгүүд түлхүү болж, уламжлалт буюу аж үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт дэмжих бодлого харьцангуй суларсан байна. Хэдий ийм ч, өнөөдөр манай улсын байршил, газар зүй, цаг агаар, эрчим хүч, дэд бүтэц, хүний нөөц зэрэг сул талуудаас шалтгаалж харьцангуй давуу тал нь Хятадын талд байсаар байна.
Иймд бид Хятадын “Татах үе”-д хэрэгжүүлж байсан бодлогоор өнөөдрийн “Хөгжүүлэх үе”-тэй өрсөлдөж сул талуудаа бууруулж, давуу талыг бүрдүүлэх нь чухал. Ер нь цаашид эрх зүйн орчныг сайжруулах, бодлого тодорхойлохдоо олон улсад өнөөдөр хэрэгжиж буй эрх зүйн зохицуулалтыг жишиг болгон авч үзэхээс илүү харин Монгол Улсын өнөөгийн хөгжлийн зорилтот түвшинд нийцсэн цаг үеийн бодлогыг судалж, нэвтрүүлэх нь чухал.

Дээрх хүснэгтээс харвал “Татах үе”- ийн бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг дотоодын үйлдвэрт 50%, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт 100% хүртэлх хөнгөлөлтийг олгож байсан буюу нэн таатай хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж байжээ. Харин өнөөдрийн байдлаар инновац, технологийн үйлдвэрлэлд 40-60% хөнгөлж, R&D хөгжүүлэлтийн зардлыг 2 дахин нэмэгдүүлж зардалд тусгадаг дэмжлэг бүхий зохицуулалттай байна. Энэ нь магадгүй Хятад улсыг R&D хөрөнгө оруулалтаараа дэлхийд 2-р байранд АНУ-ын дараа орж, жилд 600 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж тус зардал нь ДНБ-ний 2.7%- ийг эзэлж буй нөхцөлийг бүрдүүлсэн гол хүчин зүйлийн нэг. Манай улсад боловсруулах үйлдвэрлэл, тэр дундаа экспортын чиглэлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ч энэ төрлийн татварын хөнгөлөлт огт байдаггүй. Түүнчлэн, АМНАТ- ыг өнгөрсөн 50 жилийн хугацаанд боловсруулсан бүтээгдэхүүнд бус, зөвхөн олборлосон хүдэрт нь ногдуулах зохицуулалттай байж иржээ. Харин манай улсад баяжуулж боловсруулсан бүтээгдэхүүнд олон улсын жишиг үнээс тооцож тусгай татвар ногдуулж буй нь нэмүү өртөгөөс нь татвар авч байгаа алдаатай бодлого юм. Энэ нь ашигт малтмалыг дараагийн шатанд боловсруулж, өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх сэдлийг бууруулж буй маш том хүчин зүйл юм. Зөвхөн Хятад гэлтгүй, бүхий л улс орнууд “Infant Industry Protection Policy” буюу хөгжүүлэхээр зорьсон салбартаа татварын болон татварын бус онцгой дэмжлэгийг тодорхой хугацаанд олгож, дотоод гадаадын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг жишигтэй.

Оновчтой татварын хөнгөлөлтийг эдийн засгийн онцгой бүс, аж үйлдвэрийн паркуудаар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн аюулгүй бөгөөд зөв шийдэл. Энэ нь уг нийтлэлд хөндөж буй “Аж үйлдвэрийн шувууны үүр”-үүдийг байгуулах замаар улс орны эдийн засгийн чирэх гол хүчийг бий болгодог гэсэн үндсэн санаа юм.

Тухайлбал АНУ, Герман XIX зуунд дээрх бодлогыг амжилттай хэрэгжүүлж аж үйлдвэрийн голлох төвүүдийг бий болгосон бол Япон улс 1950-1970 онд автомашин, электроникийн салбарт, БНСУ, Тайвань орнууд 1960-1980 онд ган бүтээгдэхүүн, хөлөг онгоц үйлдвэрлэл, технологийн салбарт тус бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байжээ. Тодорхой салбарт өндөр түвшинд татварын дэмжлэгийг бий болгосноор улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ буурах вий гэсэн эргэлзээ, болгоомжлол түгээмэл. Гэвч олон улсад Laffer Curve (Лафферын муруй) гэх ойлголт (онол) бий бөгөөд татварын хувь өндөр байснаар эдийн засгийн идэвх буурч, татварын суурь агших, харин тодорхой салбарт оновчтой бууруулвал эдийн засаг тэлж, аж ахуйн нэгжийн ашиг орлого нэмэгдэж нийт татварын орлого өсөх үзэгдэл бий болдог. Оновчтой татварын хөнгөлөлтийг эдийн засгийн онцгой бүс, аж үйлдвэрийн паркуудаар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн аюулгүй бөгөөд зөв шийдэл юм. Энэ нь уг нийтлэлд хөндөж буй “Аж үйлдвэрийн шувууны үүр”-үүдийг байгуулах замаар улс орны эдийн засгийг чирч, чиглүүлдэг гэсэн үндсэн санаа юм. Ерөөсөө бүх амжилттай хөгжиж буй орнууд хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн салбартаа эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар Economies of scale буюу эдийн засгийн бялуугаа томруулж, тэр хэрээр төр, аж ахуйн нэгж, иргэдийн хүртэх бялууны зүсмийг томруулдаг тоглоомын дүрэмтэй. Үүнд төрийн үйлчилгээний “Ногоон гэрлийн зохицуулалт”, гадаад худалдааны тарифууд, татварын хөнгөлөлтүүд, хүний нөөц, инновацыг дэмжих зохицуулалт зэрэг олон төрлийн арга хэрэгслүүдийг ашигладаг.

Эрх зүйн шинэчлэлт- Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжил

“Эрдэнэс ҮТП” ХХК-ний зүгээс энэ онд “Эрх зүйн шинэчлэлт-Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжил” форумыг УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Монголын үйлдвэрлэл, технологийн паркийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж манай улсад боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй сорилтуудын талаар авч хэлэлцсэн. Энэ үеэр давхардаагүй тоогоор 200 гаруй асуудлыг тодорхойлж, асуудлыг шийдвэрлэх талаар УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны тогтоол гарч Засгийн газарт чиглэл хүргэгдсэн. Түүнчлэн, цахимаар паркуудын удирдлага, бизнес эрхлэгч нараас паркийн хөнгөлөлт, эрх зүйн зохицуулалтын талаар санал асуулга явуулж 400 гаруй саналд анализ дүгнэлт хийсэн. Ингээд дотоодын нөхцөл байдлыг олон улсын практиктай жишиж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг дараах байдлаар зохицуулах нь аж үйлдвэржилтийн хөгжлийг түргэтгэх чухал ач холбогдолтой гэж үзсэн юм.
Дээрх татварын дэмжлэгүүдийг цаашид бодлого тодорхойлох түвшинд нарийвчлан судалж, Үйлдвэрлэл, технологийн паркуудад үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. БНХАУ-ын туршлагыг авч үзэхэд эдийн засгийн онцгой бүсүүд, аж үйлдвэрийн паркуудад хөгжлийн онцлогийг харгалзан харилцан адилгүй эрх зүйн таатай нөхцөлүүдийг тодорхой хугацаатайгаар (дийлэнхдээ 5 жил) туршиж (Pilot free zone), зорьсон үр дүнд хүрсэн тохиолдолд цаашид тухайн эрх зүйн зохицуулалтыг тус улсын Хөгжил шинэтгэлийн хорооноос албан ёсоор баталгаажуулж, бусад бүсэд давтан нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл нийт улс даяар мөрдөх хууль журам гэхээсээ илүүтэйгээр тодорхой бүсүүдэд татвар, захиргааны зохицуулалтуудыг тогтоол, дүрэм, журмаар шийдвэрлэж, ингэхдээ тодорхой үр дүнг харгалзаж байж цаашид тухайн бодлогыг үргэлжлүүлэх эсэхийг шийддэг. Энэ мэт бодлогын “Aмьд лаборатори” байгуулах уян хатан, прагматик зохицуулалт бидэнд үгүйлэгдэж байна. Түүнчлэн, татварын бус зохицуулалтуудыг бодит хөрсөнд буулгаж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх өргөн боломж бий. Үүнд бизнесийн бүхий л үе шатанд төрийн төвлөрсөн зохицуулалт, ачааллыг бууруулж, эдийн засгийн цусны эргэлтийг саадгүй, хурдтай болгох нь эн тэргүүний зорилт байх болов уу. Үүний зэрэгцээ мэргэшсэн, өндөр чадавхтай хүний нөөцийг олноор бэлтгэх, гадагшаа алдахгүй байх, татах соронзон хүчийг бий болгох бодлогын цогц арга хэмжээ хэрэгжүүлэх нь бидний өмнө тулгамдаж буй чадвартай ажиллах хүчний (skilled workfoce) асуудлыг шийдвэрлэх чухал сорилт болж байна.
Сэтгүүлийн дараагийн дугаарт “Аж үйлдвэржилтийн шувууны үүр” бий болгоход дээрх татварын бус дэмжлэгүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар олон улсын туршлагаас хуваалцах болно.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн