
НИТХ-ын Ээлжит бус X хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр “Багануур ҮТП” Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахыг хэлэлцэн дэмжлээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегийн зорилтын дагуу Нялга-Чойрын сав газрын хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн “Багануур ҮТП” нүүрс-химийн цогцолбор байгуулж, нүүрсийг гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилтыг “Эрдэнэс ҮТП” ХХК тавин ажиллаж байна.
“Багануур ҮТП” нүүрс-химийн цогцолборын хүрээнд хагас кокс, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэр, устөрөгчийн үйлдвэр болон бусад боловсруулах үйлдвэрүүдийг кластер байдлаар 2025-2040 оны хооронд байгуулахаар төлөвлөөд байна. “Багануур ҮТП” нь хагас кокс, ахуйн хэрэглээний утаагүй түлш, кальцийн карбид, аммиак, аммонийн нитрат, автобензин, дизель түлш зэрэг хүрэн нүүрснээс гарган авч болох олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нүүрс-химийн аж үйлдвэрийн суурийг тавих анхны үйлдвэрлэл, технологийн паркийг үе шаттайгаар байгуулах юм.

Багануурын хүрэн нүүрсийг боловсруулж хорт ялгаруулалт багатай түлш үйлдвэрлэн, агаарын бохирдлыг бууруулах, синтетик хий, шингэн түлш, метанол, давирхай, нүүрстөрөгчийн материал зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжих, мөн нүүрс-химийн үйлдвэрлэлийн кластер бий болсноор (хуванцар, барилгын материал, химийн бодис, эрчим хүч) дагаж хөгжиж ажлын байр, татварын орлого, бүс нутгийн хөгжил нэмэгдэнэ.
