“Бор-Өндөр ҮТП” Жонш, цахиур боловсруулах цогцолбор

“Бор-Өндөр ҮТП”-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт 762.8 га талбайд, Эрдэнэс Критикал минералс ТӨҮГ-ын жоншны нөөц, түүхий эд, дэд бүтэц, төмөр зам болон бусад бодит нөөцөд тулгуурлан жонш, цахиур боловсруулах цогцолборыг байгуулна.

“Бор-Өндөр ҮТП” байгуулагдсанаар жоншны боловсруулалтын түвшин тонн тутамд 3 дахин өснө

Монгол Улс нь жоншны нөөцөөр дэлхийд 4-т, олборлолтын хэмжээгээр 3-т мөн экспортод гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа нь манай улсад энэ чиглэлээр үйлдвэрлэл хөгжүүлэх ямар их нөөц боломж байгааг харуулж байна. Гэхдээ 2024 оны байдлаар 1.3 сая тонн бүтээгдэхүүн гадаадад экспортолж 318.5 сая ам.долларын орлого олсон бөгөөд үүний 80%-ийг боловсруулаагүй түүхий хүдэр эзэлж байгаа нь энэ чиглэлд нэн яаралтай үйлдвэрлэл шаардлагатай болсныг илтгэх жишээ юм.

“Бор-Өндөр ҮТП”-ийг байгуулснаар жонш, цахиур, төмөр зэрэг түүхий эдийн боловсруулалтын түвшин тонн жонш тутамд 3 дахин нэмэгдэж дагаад эдийн засгийн өгөөж түүнээс ч илүүтэйгээр нэмэгдэнэ.

Тус паркийн үндсэн үйлдвэр нь Жонш баяжуулах үйлдвэр бөгөөд жилдээ 300 мян.тн хүдэр боловсруулж 80 мян.тн 97 хувийн агуулгатай жоншны баяжмалыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ үйлдвэр нь дэвшилтэт технологи, хямд өртөг зардлаар баяжмал үйлдвэрлэснээр цаашид гүн боловсруулалт хийх фторт ус төрөгч үйлдвэрлэн химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх суурь нь болно.

Үйлдвэрлэлийн гинжин хэлхээ

“Бор-Өндөр ҮТП” нь “Эрдэнэт ҮТП”-ийн Зэс хайлуулах үйлдвэрээс ялгарах хүхрийн хүчлийг авч ашиглан, хайлуурын хүчил буюу дараагийн шатны фтор-химийн үйлдвэрийг хөгжүүлэх үндэс суурь болно. Өнөөдөр 30%-ийн агуулгатай тонн жоншны хүдрийн үнэ 30 орчим ам.доллар, тонн жоншны 97%-ийн баяжмал 450 доллар, тонн хайлуурын хүчлийн үнэ 2000 долларт хүрээд байгаа нь дээрх үйлдвэрийг хөгжүүлж нэмүү өртөг шингээснээр улс, орон нутгийн эдийн засгийн томоохон хөдөлгөх хүч болох ирээдүй харагдаж байна.

Эдийн засгийн өсөлт

“Бор-Өндөр ҮТП”-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл төлөвлөсөн бүрэн хүчин чадалдаа хүрэхэд жилдээ 1.9 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.8 тэрбум кВт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. ҮТП-ийн гол зорилго нь ашигт малтмалаас нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд “Бор-Өндөр ҮТП”-ийг байгуулснаар жилдээ 467.2 сая ам.долларын  нэмүү өртгийг бий болгох тооцоолол хийгдээд байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн