“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, ШУТИС, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургууль хамтын ажиллагааны “2+2” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Эрдэнэс ҮТП ХХК, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон China University of Mining and Technology хооронд хамтарсан “2+2” бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, гурван талт хамтын ажиллагааны баримт бичигт “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, ШУТИС-ийн ректор Т.Намнан, China University of Mining and Technology-ийн ректор Жан Жишюн нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтарсан “2+2” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд оюутнууд эхний хоёр жилээ Монгол Улсад ШУТИС-д, дараагийн хоёр жилээ БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуульд суралцаж, олон улсын стандартын дагуу инженер, технологийн мэргэжил эзэмших боломж бүрдэх юм.

Талууд энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Эрдэнэс Монгол нэгдлийн хэрэгжүүлж буй Үйлдвэрлэл, технологийн паркуудын төслүүдэд шаардлагатай инженер-технологийн хүний нөөцийг бэлтгэх суурь механизмыг бүрдүүлэх, олон улсын түншлэлийн хүрээнд мэргэжилтэн бэлтгэх, гурван талт хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хөтөлбөрийн элсэлт, тэтгэлгийн зохицуулалт, сургалтын агуулга, сургалтын уялдаа холбоог тодорхой болгох, цаашид үйлдвэрлэл, технологийн парк болон уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

China University of Mining and Technology нь БНХАУ-ын уул уурхайн салбарын тэргүүлэх инженер, судлаачдыг бэлтгэдэг, уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа шинжилгээний өндөр чадавхтай, улсдаа #нэгт ордог их сургууль юм. Иймд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэл-технологийн паркуудын хөгжилд шаардлагатай хүний нөөцийг олон улсын түвшинд бэлтгэх, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн