“Багануур ҮТП” Нүүрс-химийн цогцолбор нь хагас кокс, цахилгаан эрчим хүч, аммонийн нитрат, байгалийн хий, дизель түлш, барилгын материалын үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бий болгож нүүрсийг ангилж иж бүрэн ашиглах бүхий нүүрс-химийн үйлдвэрлэл, технологийн парк юм.
Нялга-Чойрын сав газрын хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн Нүүрс-химийн цогцолбор байгуулна
“Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегийн зорилтын дагуу Нялга-Чойрын сав газрын хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн “Багануур ҮТП” нүүрс-химийн цогцолбор байгуулж, нүүрсийг гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилт тавин ажиллаж байна. “Багануур ҮТП” нүүрс-химийн цогцолборын хүрээнд хагас кокс, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэр, устөрөгчийн үйлдвэр болон бусад боловсруулах үйлдвэрүүдийг кластер байдлаар 2025-2040 оны хооронд байгуулахаар төлөвлөөд байна. “Багануур ҮТП” нь хагас кокс, ахуйн хэрэглээний утаагүй түлш, кальцийн карбид, аммиак, аммонийн нитрат, автобензин, дизель түлш зэрэг хүрэн нүүрснээс гарган авч болох олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нүүрс-химийн аж үйлдвэрийн суурийг тавих анхны үйлдвэрлэл, технологийн паркийг үе шаттайгаар байгуулна.
Cтратегийн ач холбогдол, нөөц
“Багануур ҮТП”-ийн цогцолбор ашиглалтад орсноор хорт ялгаруулалт багатай түлш үйлдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулах, импортыг орлох метанол, синтетик түлш, полимер зэрэг химийн түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэнэ. Ийнхүү химийн үйлдвэрлэлийн салбарыг дагаж хөгжих экосистем бүрдэж, экспортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүд өсөж, валютын орлого нэмэгдэх, нүүрсний гүн боловсруулалтыг эзэмших дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл рүү шилжих алхам болно. Эдийн засгийн хувьд түүхий нүүрсийг өндөр нэмүү өртөгтэй химийн бүтээгдэхүүн болгон хувиргах нь Монголын эдийн засгийн бүтцийг өөрчилж, уул уурхайн хамаарлыг бууруулахад чухал хөшүүрэг болно.


Ашигт малтмалын нөөц
Монгол Улс нь нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 10-т багтдаг бөгөөд нийт 15 сав газрын хүрээнд 400 орчим нүүрсний орд газар тогтоогдсон байна. Нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн бол хайгуулын ажлаар нарийвчлан тогтоосон нөөц 37.4 тэрбум тонн юм. Үүнээс Нялга-Чойрын сав газарт хамаарах баталгаажсан нөөц 5.9 тэрбум тонн, таамаг нөөц 14.4 тэрбум тонн буюу нийт геологийн нөөц 20.3 тэрбум тонн байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 14%-ийг эзэмшдэг.
Багануурын нүүрсний ордын гүйцээх хайгуулын ажил хийгдэж балансын нөөцийг 280.0 сая тонноор нэмэгдүүлж олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.0 сая тонн баталгаат нүүрсний нөөцтэй. Багануурын нүүрс нь физик, химийн шинж чанараараа эрчим хүчний зориулалтаар ашиглагдахаас гадна цаашдаа дахин боловсруулалт хийгдэх, метан, шатдаг хий, түлш, шингэн, шахмал түлш болон бусад хими технологийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдсан.
НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭРЛЭЛ
Төслийн үр ашиг
Багануурын хүрэн нүүрсийг боловсруулж хорт ялгаруулалт багатай түлш үйлдвэрлэн, агаарын бохирдлыг бууруулах, синтетик хий, шингэн түлш, метанол, давирхай, нүүрстөрөгчийн материал зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжих, мөн нүүрс-химийн үйлдвэрлэлийн кластер бий болсноор (хуванцар, барилгын материал, химийн бодис, эрчим хүч) дагаж хөгжиж ажлын байр, татварын орлого, бүс нутгийн хөгжил нэмэгдэнэ.

