
/Шивээ Овоо уурхайн жишээн дээр/
О. ОНОН
“Шивээ Овоо” ХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн ахлах диспетчер, Мэргэшсэн инженер
Хураангуй: Шивээ Овоогийн хүрэн нүүрсний ил уурхайд 2018 оны 2 дугаар сараас эхлэн хайгуулын 5-11-р шугамын хооронд уурхайн гадаад, дотоод овоолго, ажлын бус талын олборлолт явуулаагүй талбайнуудыг хамарсан 1.0 км-ийн урт, 35.0 метрийн өргөн гадаргууд хөрсний хагарал, суултын бүс илэрч эхэлсэн. Энэ нь уурхайн ашиглалтын II ам, III амны баруун хэсгийн олборлолтын талбайн ажлын бус хажууд нум хэлбэрээр нөлөөлөл үзүүлж, уулын ажил явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн хэдий ч уг эрсдэлийг бууруулж, тулгамдсан асуудалд авах арга хэмжээг тодорхойлж, мэргэжлийн багтай хамтран шуурхай үнэлэлт, дүгнэлт өгч ажилласны үр дүнд өнөөг хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Авсан арга хэмжээний үр дүн уулын ажилд үзүүлж буй харилцан нөлөөллийг тодорхойлохтой уялдуулан судалгаа шинжилгээг боловсруулсан.
Түлхүүр үг: Дотоод овоолгын гулсалт, Хяналтын хэмжилт, Уулын ажлын харилцан нөлөөлөл, Тулгуур (мост),
УДИРТГАЛ
Шивээ Овоогийн орд нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт, аймгийн төв Чойр хотоос зүүн урагш 20 км, Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 260 км зайд, далайн түвшнээс дээш 1200 м өндөрт оршдог.
Ордын нийт нөөц 2.7 тэрбум тонн, үүнээс 665.4 сая тонн нийт нөөцийг 1988 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлаар одоогийн ашиглалтыг үйл ажиллагаа явуулж буй Шинэ-Усны хэсэгт тогтоосон байдаг. Шивээ-Овоогийн ордын нүүрс нь Х-3 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд хамаарах ба Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 28.3%, төвийн бүсийн эрчим хүчний системийн 70%-ийг хариуцан ажилладаг “ДЦС-IV” ТӨХК-ийн нүүрсний хэрэгцээний 50%-ийг ханган ажиллаж байна. Тус уурхай нь ашиглалтын эхнээс 2024 оны 12-р сарын 31-ний байдлаар 44 сая.тн нүүрс олборлон, 41.3 сая.м3 тээвэргүй хөрс хуулалт, 118 сая.м3 тээвэртэй хөрс хуулалт, 42.7 сая.м3 дахин шидэлт, 13.9 сая.м3 инженер ажил хийж нийт 195.8 сая.м3 уулын цул, уурхайгаар 252.4 сая.м3-ийн уулын ажил гүйцэтгээд байна.
2018 оны 02-р сарын 13-ны өдөр Хайгуулын V шугамын 44-р цооногоос зүүн хойш 200 метрийн зайд эхэлсэн хагарал нь 2018 оны 5-р сарын 30-ны байдлаар Хайгуулын V-XI шугам хооронд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртөөгүй байгалийн тогтоц хөндөгдөөгүй талбайд нэг км урттай, 35 метрийн өргөн гадаргууг хагарал суулт өгсөн байдаг. Үүний зэрэгцээ 2018 оны 2-р сарын 26-наас уурхайн уурхайн ашиглалтын 3-р амны тээврийн траншей дэд хэсгээр 2018 оны 3-р сарын 7-ны хүртэл гадаад овоолгын урд хэсэг нүүрс олборлосон талбайд гулсалт өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг хөрсний гулсалтын нөлөөгөөр дотоод овоолгод тасралтгүй гулсалт, суулт явагдаж байгаа хэдий ч уурхайн олборлолтын ажлын талбайн байршил, авч хэрэгжүүлж буй арга ажиллагааны үр дүнд цаг хугацааны хувьд харилцан адилгүй шилжилт, хөдөлгөөнийг үзүүлсээр ирсэн байна.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО
Шивээ Овоогийн хүрэн нүүрсний ил уурхайн ажлын бус талаар үүссэн хөрсний хагарлын бүсийн нөлөөгөөр дотоод овоолгын гулсалт эрчимтэй явагдаж буй хүндрэлтэй нөхцөлд нүүрс олборлолтын ажлыг тасралтгүй явуулах арга замыг авч үзэхэд оршино.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛТ
1) Дотоод, гадаад овоолгод үүссэн хөрсний гулсалт, суултын нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгнө;
2) Дотоод овоолгын гулсалт, суултын хяналтын хэмжилт, бүртгэл, авсан арга хэмжээний үр дүнд шинжилгээ хийнэ;
3) Уулын ажил явуулахад үүсэж буй хүндрэл, бэрхшээл ба хэрэгжүүлж буй арга ажиллагааг авч үзнэ;
4) Цаашид уулын ажил явуулах баримтлалыг боловсруулна;
1. УУРХАЙН АЖЛЫН БУС ТАЛД ҮҮССЭН ХӨРСНИЙ ГУЛСАЛТ, СУУЛТ
Шивээ Овоогийн нүүрсний ордод 1990 оны 7-р сард анх хөрс хуулж эхэлсэн үеэс хойш дотоод овоолгод их, бага хэмжээний гулсалт, эвдрэлүүд байнга явагдаж ирсэн бөгөөд 2018 оны 2 дугаар сард дотоод овоолго, гадаад овоолго болон ил уурхайн ажлын бус талд хөндөгдөөгүй талбайнуудыг хамарч, хөрсний гадаргад 1 км-ийн урт, 5-35 метрийн өргөн суулт, эвдрэл үүссэн.

Дээрх хөрсний гулсалт, суулт тасралтгүй идэвхтэй үргэлжилж, байгаа ба өнөөдрийн байдлаар хөрсний гадарга хэсэгт 4-12м-ийн суулт өгч, 1.1 км-ийн урт, 8-45м өргөнтэй хөрсний хагарлын бүс үүссэн байна. Тус талбайд байрлаж буй “Нүүрс хатаах үйлдвэр”-ийн барилга байгууламж сууриараа 30м шилжсэн.

2. ДОТООД ОВООЛГЫН ГУЛСАЛТ, СУУЛТЫН ХЯНАЛТЫН ХЭМЖИЛТ, БҮРТГЭЛ
Шивээ Овоогийн ордын хэмжээнд эх газрын эрс тэс уур амьсгалтай, зун нь халуун үргэлжлэх хугацаа богино, өвөл нь урт, хүйтэн -350 хүрдэг ба хөрсөндөө -400 хүрнэ.
Гулсалт, эвдрэлүүд үүссэн цагаас эхлэн хяналтын цэгүүд байгуулан байнгын давтамжтайгаар маркшейдерын хэмжилт хийн бүртгэл хөтлөн хянаж байна. 2018-2024 оны байдлаар хяналтын цэгийн дунджаар жилд шилжилт 6.4 м, суулт -1.9 м-ээр явагдаж байна. 2023 оноос хагарлын идэвхтэй бүсийн тулгуур хэсэг буюу ашиглалтын 2-р аманд уулын ажлын өрнөл шилжин явагдсан нь дотоод овоолгын гулсалт, суулт нэмэгдэх шалтгаан болсон байна.


1-р хүснэгт. ХӨРСНИЙ ГУЛСАЛТ, СУУЛТЫН ХЯНАЛТЫН ХЭМЖИЛТ, БҮРТГЭЛ /Жилээр/

ХЯНАЛТЫН ХЭМЖИЛТ, БҮРТГЭЛ /Улирал/


Уурхайн дотоод овоолгын гулсалтын идэвхтэй бүсэд 2024 оны 6 сараас 2025 оны 5 дугаар сар хүртэл байрлуулан хяналтын хэмжилт хийсэн цэгүүдийн хувьд хамгийн ихдээ хаврын улиралд 63.8см шилжиж, -13.35см суулт өгсөн бол зуны улирал хамгийн тогтвортой буюу 1.2см шилжиж, -0.44 см суулт өгсөн байна.
3. ДОТООД ОВООЛГЫН ГУЛСАЛТ, УУЛЫН АЖЛЫН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
Нүүрс олборлолтын ажлыг тасралтгүй явуулахын тулд алхагч экскаваторын байрлан ажиллаж буй түвшинд /+1150.0-1160.0м/ нүүрсний давхаргын суналын дагуу 40-45м урт, уналын дагуу 60-70м өргөн, нүүрсний улнаас 35-45м өндөртэй 6ш тулгуурыг (мост) олборлолтын талбайд хоорондоо 400-500м-ийн зайтай үлдээж, тогтворжилтыг ханган ашиглалтыг явуулж байна.

Уурхайн ажлын бүсийн ахилтын явцад хэсэгчлэн тулгуур (мост) үлдээж, дотоод овоолгын ахилтыг үлдээц цликэд тулгаж олборлолтыг сөөлжүүлэх аргаар ашиглалт явуулахад дотоод овоолгын шилжилт хөдөлгөөнийг барьж тогтооход харьцангуй үр дүнтэй арга боловч уурхайн ажлын горим алдагдах, цаг хугацаа, зардал ихсэх, нүүрсний хаягдал нэмэгдэх зэрэг сул талтай байна.


Ашиглалтын 2-р амны тулгуур (мост) ажлын бус талын дотоод овоолгын гулсалтын нөлөөллөөр тус хэсгийн хөндлөн огтлолтын талбайд 623.9 мян.м3 уулын чулуулаг түрэлт өгч, 13.3м өргөгдөж түвшингийн зөрүү үүссэн байна.
Дотоод овоолгын гулсалттай бүсийн нүүрсийг олборлоход хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс дурдвал.
Тулгуур (мост) хоорондын 400-500м урттай, 60-70м өргөнтэй фронтод нүүрсийг нээж, ажлын бус талын нүүрсний хил заагийг гарган алхагч экскаватораар контуравка татах ажлыг зохион байгуулна.
Дээрх ажилтай зэрэгцүүлэн завсрын хөрс, 2-р давхаргын нүүрс олборлолтын ажлыг ангилан ялгалт хийж гүйцэтгэнэ. /2-р давхаргын нүүрс 3 үеэс бүрдэх ба дундаж нийлбэр зузаан-8м, завсрын хөрсний дундаж нийлбэр зузаан-9м/ Нүүрсний хамгийн улны хэсэг буюу 1-р давхаргын нүүрсийг олборлолтыг тулгуур мостны ханыг дагасан булан хэсгээс эхлэн 40-50м өргөнтэй блокуудад хуваан нүүрсийг уллан олборлож, үүссэн хоосон орон зай руу дотоод овоолгын гулсалтыг чиглүүлэх байдлаар хэсэгчлэн зохион байгуулж байна. 1-р давхаргын нүүрс-11м /Энэ үед дотоод овоолгын гулсалт хамгийн их идэвхэждэг./


4.УУЛЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
Уурхайд үүссэн ажлын бус хажуугийн гулсалт, суултын нөлөөлөлтэй бүсэд хариу арга хэмжээг авч ажилласнаар 2018 – 2024 онд нийтдээ 59.3 сая.м3 хөрс хуулалтыг гүйцэтгэж, 15.3 сая.тн нүүрс олборлож жилийн дунджаар 2.3 сая.тн нүүрс олборлон борлуулж суурилагдсан хүчин чадлаа 13%-иар давуулан биелүүлсээр ирсэн нь үр дүнгээ өгсөн. Өнөөгийн уурхайн нөхцөл байдал ашиглалтын хугацаанд санхүүгийн зээл, өр төлбөрөөс хамаарч техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал буурсан нь уул технологийн хүндрэлтэй байдал үргэлжилж байгаа тул цаашид авах арга хэмжээг тогтоох шаардлагатай байна.

5. УУЛЫН АЖИЛД ДОТООД ОВООЛГЫН ГУЛСАЛТЫН НӨЛӨӨГӨӨР ҮҮСЭЖ БУЙ ХҮНДРЭЛ
Ашиглалтын 1-р ам Олборлолтын талбайд газрын доорх усны шүүрэл ихээр явагдаж 1124м-ийн түвшинд тогтонги усны хуримтлал үүссэн.
Ашиглалтын 2-р ам Дотоод овоолго 6-11 м гүнтэй суулт үүсэж, ажлын ахилт тал руу буюу нүүрсний уналын чиглэлд 70м хүртэлх орон зайг хамарсан гулсалт бий болсон.
Ашиглалтын 3-р ам Дотоод овоолго 5-9 м гүнтэй суулт үүсэж, ажлын ахилт тал руу буюу нүүрсний уналын чиглэлд 60м хүртэлх орон зайг хамарсан гулсалт бий болсон.

Нүүрс хатаах үйлдвэр барилга байгууламжууд нь сууриараа анхны байршлаас 6 метр доош суулт өгч ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгийн чиглэлд 31 метр, баруун зүгээс зүүн зүгт 8.8 метр шилжээд байна. Хатаах үйлдвэрийн “А” конвейерийн дунд хэсгээр хамгийн ихдээ 40м-ийн өргөн талбайг хамарсан 58 – 89 см – ийн суулт өгч, конвейерийн суулт өгсөн хэсгээс “А” конвейерийн үндсэн тэнхлэг 2.1 – 3.2 м зөрүү үүсэж, тухай бүр эвдэрсэн талбайд дүүргэлт хийн сэргээн засаж, конвейерийг өргөх, шулуутгах ажлууд хийгдэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр хүндрэлтэй нөхцөлд ажлыг зохион байгуулж байна.

ДҮГНЭЛТ
Уурхайн ажлын бус талаар хайгуулын 3-11 дүгээр шугамын бүсэд гадаад, дотоод овоолгыг хамарсан 60-70 сая.м3 чулуулаг жилд дунджаар 6.4 м шилжиж, -1.9 м суулт өгч байна.
Тээвэргүй ашиглалтаар үүссэн хоосон орон зайд дотоод овоолгын гулсалтын нөлөөгөөр ажлын бус талын чулуулаг тасралтгүй шахагдаж байгаа нь олборлолтын ажлыг жигд явуулахад ихээхэн хүндрэл учруулж байна.
Зургаагаас цөөн зохиогчтой өгүүллийн тухайд:
Нүүрс олборлолтын ажлыг тасралтгүй явуулахын тулгуурыг (мост) олборлолтын талбайд үлдээж тогтворжилтыг ханган ашиглалтыг явуулж байна. Энэ аргыг одоогийн нөхцөл байдалд тохируулан авч, хэрэгжүүлж байгаа хэдий ч дараагийн орлоор тулгуурын (мост) доор үлдсэн 100-120 мян.тн нүүрсний нөөцийг алхагч экскаватораар нээн олборлох нь цаг хугацаа алдсан ихээхэн хүндрэлтэй байдлыг үүсгэж байна.
Цаашид гулсалтын бүсийн хөдөлгөөний идэвхтэй талд тээвэртэй хөрсний овоолго шинээр үүсгэхгүй байх шаардлагатай ба олборлолтын талбайд үлдээж буй тулгуурын (мост) хэмжээсүүдийг оновчлох талаар нарийн судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байна.
НОМ ЗҮЙ
- “Шивээ Овоо”-ийн нүүрсний уурхайн ажлын бус хажуугийн үнэлгээ хийх судалгааны ажил /2018 он/ ШУТИС-ийн Уул уурхайн төсөл судалгааны төв.
- “Шивээ Овоо”-ийн нүүрсний уурхайн геотехникийн судалгааны ажлын тайлан /2022 он
- “Шивээ Овоо” ХК-ийн Технологи бодлогын хэлтсийн уурхайн гулсалтын хэмжилт хяналт, шилжилт хөдөлгөөний бүртгэл /2018-2024 он/
- “Шивээ Овоо” ХК-ийн Уулын ажлын төлөвлөгөө, тайлан /2018-2024/ С.Цэдэндорж, Д.Пүрэвсүрэн, “Ил уурхайн төсөл” 2001 он
Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. /2020 он/
