Нүүрс тээврийн конвейрийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх боломжийн судалгаа

/Шивээ Овоо уурхайн жишээн дээр/

Р. МӨНХСАЙХАН

 “Шивээ Овоо” ХК-ийн Технологи бодлогын хэлтсийн төлөвлөлтийн инженер, Мэргэшсэн инженер

Хураангуй: Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхай нь 2011 оноос эхлэн нүүрс тээврийн конвейерийг авто тээвэртэй хослуулан нүүрс борлуулалтын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж байна. Уурхайн олборлолт явуулж буй Шинэ Усны хэсгийн талбайд гүний усны нөөц, ундарга ихтэй байдгаас хамаарч нүүрсний чийгийг бууруулах, чанар нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2011 онд Нүүрс хатаах үйлдвэр, 2 км нүүрс тээврийн конвейерийн системийг ашиглалтад оруулсан ч нүүрс хатаах технологийн хүндрэлүүд үүсэж улмаар 2017 оноос хойш тус конвейерийг дангаар нь ашиглаж жилдээ дунджаар 0.4 сая.тн нүүрс бутлан тээвэрлэж хэрэглэгчдийн захиалга, горимын стандартад нийцсэн чанартай нүүрсний нөөцийг бүрдүүлэн ажиллаж ирсэн. Дээрх шулуун конвейерийг төслийн хүчин чадал болох цагт 380.0 тн/цаг буюу жилд 2 сая.тн нүүрс тээвэрлэх технологийн боломжийг өнөөгийн бодит нөхцөлтэй уялдуулан судалгаа шинжилгээг боловсруулсан.

УДИРТГАЛ

Шивээ Овоогийн орд нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт, аймгийн төв Чойр хотоос зүүн урагш 20 км, Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 260 км зайд, далайн түвшнээс дээш 1200м өндөрт оршдог. 

Ордын нийт нөөц 2.7 тэрбум тонн, үүнээс 665.4 сая тонн нийт нөөцийг 1988 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлаар одоогийн ашиглалтыг үйл ажиллагаа явуулж буй Шинэ-Усны хэсэгт тогтоосон байдаг. Шивээ Овоогийн ордын нүүрс нь Х-3 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд хамаарах ба Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 28.3%, төвийн бүсийн эрчим хүчний системийн 70%-ийг хариуцан ажилладаг “ДЦС-IV” ТӨХК-ийн нүүрсний хэрэгцээний 50%-ийг ханган ажиллаж байна. Тус уурхай нь ашиглалтын эхнээс 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар 38.9 сая.тн нүүрс олборлон, 38.6 сая.тн нүүрс хэрэглэгчдэд нийлүүлэн, 37.7 сая.м3 тээвэргүй хөрс хуулалт, 100.5 сая.м3 тээвэртэй хөрс хуулалт, 35.9 сая.м3 дахин шидэлт, 11.5 сая.м3 инженер ажил хийж нийт 170.4 сая.м3 уулын цул, нийт 217.8 сая.м3-ийн ажил гүйцэтгээд байна.

Шивээ Овоогийн уурхайд 1998 онд Монгол Улсын Засгийн газар, Япон улс хоорондын байгуулсан хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслөөр техник, технологийн шинэчлэл хийгдсэн. Дээрх төслийн хүрээнд 2001 онд вагон ачилтын конвейерийн дамжлагат байгууламжийг ашиглалтад оруулсан нь нүүрс тээврийн конвейерийн системийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх эхлэл болсон ба 2011 оноос Нүүрс хатаах үйлдвэрээс вагон ачилтын байгууламж хүртэлх 2 км шулуун, 2019 оноос 0.08 км богино нүүрс тээврийн конвейерийн системийг ашиглалтад оруулж буталсан нүүрсний нөөцийг бүрдүүлж “ДЦС-IV” ТӨХК, “Амгалан” ДС болон бусад орон нутгийн дулааны станцуудын эрчим хүчний нүүрсний хэрэглээг ханган ажиллаж байна.

Уурхайн ашиглалтын хүрээ уналын дагуу тэлэхийн хэрээр уурхайн гүнзгийрэлт нэмэгдэж 114м-т хүрсэн нь нүүрсийг авто самосвалаар тээвэрлэх талын зай /2-4.8км/ болж, нүүрс тээвэрлэлтийн зардал өсөж байгаа болон сүүлийн жилүүдэд улсын эрчим хүч, дулаан үйлдвэрлэлийн өсөж буй хэрэгцээг хангах ажлын хүрээнд тус уурхайн нүүрс борлуулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь нүүрс хэрэглэгч байгууллагуудын зуухны горим, стандартад нийцсэн чанартай бутлагдсан нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

Түлхүүр үг: Саатал, Нүүрсний чанар, Үр ашиг

Зорилго: Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ил уурхайн нүүрс тээврийн конвейерийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэхэд шаардлагатай хүчин зүйлүүдийг тодорхойлж, төслийн хүчин чадалд хүргэх, хэрэглэгчдийн стандартад нийцсэн чанартай нүүрсний нөөцийг бэлтгэж, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулан үр ашгийг нэмэгдүүлнэ. 

Зорилтууд:

  1. Конвейерийн тээврийн ашиглалт, технологийн бүтээлд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийг тодорхойлох.
  2. Конвейерийн тээврийн ашиглалын жилүүдийн бүтээл болон өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан боломжит цагийн бүтээлийг судлан тогтоох.
  3. Конвейерийн тээврийн технологийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах арга замууд цаашид үйлдвэрлэлийн зардлыг бууруулах боломж, гарах үр ашгийг тооцоолох.

НҮҮРС ТЭЭВРИЙН КОНВЕЙЕРИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Шивээ Овоогийн уурхай нь жилдээ 8.6 сая.м3 хөрс хуулж, 2 сая.тн нүүрс олборлон, борлуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын 21-р өртөө нь тус уурхайн салбар төмөр замууд дээр вагон хангалт хийх ажлыг хариуцдаг. Төмөр замын салаа 14-р зам дээр вагон ачилтын байгууламж нь байрласан байдаг. Тус байгууламж нь уурхайгаас авто тээврээр тээвэрлэн ирсэн нүүрсийг 220 м3 багтаамжтай бүхэллэг нүүрс (+300 мм) орохоос хамгаалж тороор тоноглогдсон хүлээн авах бункерээр дамжуулан нүүрсийг 100-250 мм хүртэл буталж, тээврийн вагонд ачих зориулалттай, бүрэн автоматчилагдсан, 1 цагт 7-8 вагон буюу 450-550 тн нүүрс ачих хүчин чадалтай. Хүлээн авах хэсэг нь 750 тн/цаг хүчин чадалтай АНУ-ын МcLanahan фермийн 24х60 хэмжээтэй 2 булт бутлууртай, хүлээн авах бункерийн доор хэвтээ туузан тэжээгчийг суурилуулсан ба тэжээгч нь булт бутлуурыг тэжээх зорилготой. Бутлуурыг тэжээх I конвейер нь 20° налуутай байх бөгөөд энэхүү нүүрсний конвейер нь төмөрлөг биет зайлуулах соронз, хаягдал металл орж ирэхэд конвейерийг зогсоох металл илрүүлэгчээр тус тус тоноглогдсон байдаг. Бутлагдсан нүүрс нь бутлуурын гарах амсраар ачилтын бункерийг тэжээх II конвейер дээр өгөгдөнө. Бутлах хэсэгт тоос их хэмжээгээр үүсдэг тул энэ хэсэгт тоос барих төхөөрөмжийг суурилуулсан ба энэхүү тоос баригч нь Хятад улсын Зенжан үйлдвэрийн DMC60 маркийн төхөөрөмж бөгөөд 60 ширхэг тоос цуглуулах уутанцартай, 50 м2 талбайг шүүх чадалтай 99.99% үр ашигтайгаар тоосыг барьж шүүдэг төхөөрөмж юм. Ачилтын бункер нь 120.0 м3 багтаамжтай. Бункерийн доод хэсэгт цорготой ба үүгээр материал өгөлтийн хэмжээг тохируулна. Цоргоны дээр дохиолол, удирдлагын систем бүхий ачилтын конвейер байрлах ба үүгээр нүүрсний өгөлтийн хэмжээг тохируулж вагонд ачилт хийнэ.

Уурхайгаас олборлосон тэсэлгээтэй нүүрсийг 48.0м3 багтаамжтай бункерт хүлээн авч 15гц-ийн давтамжтай питаталиар(0-50гц) дамжуулан хацарт бутлуураар 0.01-200мм хүртэл буталж, гурван өнхрүүлэгт ховилт конвейерийн байгууламжаар 800мм-ийн өргөнтэй туузан дамжуулгаар 2.5м/с хурдтай 2 км зайд тээвэрлэн нүүрсний нөөцийн талбайд хүргэдэг. Технологи дамжлагын вагон ачилтын байгууламж болон I конвейерт саатал гарсан үед D конвейероор дамжуулан II конвейерт өгч вагонд ачилт хийхээс гадна вагон ачилтын тавцант 10-р төмөр замын нүүрсний нөөцийг бүрдүүлдэг. Конвейерийн тээврийн хэсэг нь нийт 4 хэсгээс бүрдэх ба А конвейер 865 м, В конвейер 1006.5 м, C конвейер 30 м, D конвейер 100 метрийн урттай болно. С конвейер нь 120 градусаар эргэж нүүрсийг тараан буулгах зориулалттай.

2019 оноос “Амгалан ДС”-ын зуухны горимд нийцсэн чанар, буталсан нүүрсийг бэлтгэн нийлүүлэх зорилгоор Хатаах үйлдвэрийн зүүн талд 80 м-ийн урт 11 градусын налуутай богино конвейерийг ашигалтад оруулсан. Тус конвейер нь уурхайгаас олборлосон нүүрсийг 0.01-150 мм хэмжээтэй бутлан овоолго үүсгэх ба технологи дамжлагын хэсгийн төмөр замын 10-р салаа замын нүүрсний нөөцийн талбай хүртэл 2 км авто тээврээр тээвэрлэн хүргэж вагон ачилт хийж байна. Тус конвейерыг нүүрс хэрэглэгч байгууллагын хэрэглээнээс хамааруулж улирлын чанартай ажиллуулдаг ба  жилд дунджаар 95 хоногт бүтээлтэй ажиллуулж, 105 мян.тн нүүрс тээвэрлэсэн ба ашиглалтын нийт хугацаанд 2022 оны байдлаар 424 мян.тн нүүрсийг бутлан тээвэрлэсэн байна.

Конвейерийн тээврийн ажлын гүйцэтгэл

Ашиглалтын хугацааны цаг ашиглалтын бүртгэлээр Кца-0.71, Кта-0.72-той ажиллаж ирсэн ба жилийн нүүрс борлуулалтын дунджаар 20%-ийг, 156 хоногт тээвэрлэж ирсэн байна.

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Шивээ Овоогийн уурхайн сүүлийн жилүүдийн нүүрс олборлон, борлуулалт технологи дамжлагын конвейерын системээр тээвэрлэлт хийх үеийн цаг ашиглалтын бүртгэл судалгаа, нүүрсний чанарын шинжилгээний үзүүлэлтүүд, тээвэрлэлтийн зардлын мэдээлэлд тулгуурлан нүүрс тээврийн конвейерийн технологийн хэрэглээ, боломжит бүтээлийг тодорхойлов.

Конвейерийн тээврийн бүтээлийн тооцоо:

Тооцооллоос харахад бүтээлд нөлөөлж буй гол хүчин зүйл нь ачаа, туузны хиллэх урт буюу туузан дээрх ачаа дүүргэлт байна.

Дээрх графикуудаас харахад конвейерийн тээврийн бүтээл нь хурднаас бус ачаа дүүргэлтээс ихээхэн хамааралтай байна.

Бүтээлд сөргөөр нөлөөлж буй төлөвлөгөөт бус саатлын гол хүчин зүйлүүд:

2017-2022 оны цаг ашиглалтын байдал:

Сүүлийн жилүүдийн нүүрс тээврийн конвейерийн цаг ашиглалтын бүртгэлийн судалгаагаар сэлбэг хангамжийн хүлээлт, ажиллах техникийн хүрэлцээнээс хамаарсан төлөвлөгөөт бус саатал нь бүтээлд хамгийн их сөрөг нөлөөллийг үзүүлж байна.

Нүүрсний чанарыг сайжруулах боломж

Уурхайн одоогийн ашиглалт явуулж буй Шинэ-Усны хэсгийн нөөцийн талбай нь гидрогеологийн судалгаагаар усжилт өндөртэй нь тогоогдсон ба тус уурхай нь өнөөгийн байдлаар ус шүүрүүлэлтийн А, С, 16, D шугамуудын 39 худаг, карьерт ил зумфпийн аргаар ЦНС насосуудыг ажиллуулан жилдээ 3.2 сая.м3 ус шавхан зайлуулж усны түвшинг хяналтын цооногийн мэдээллээр /1-3.0/ м, уурхайн ил усны түвшинг 15-20м бууруулан устай талбайд нүүрс олборлон ажиллаж байна.

 Шивээ Овоогийн ордын ил уурхайн ашиглалтаар 2010 оноос уурхайн гүнзгийрэлт 87м-т хүрч, усны түвшин нүүрсний 1-р давхаргын уланд илэрсэн бол 2022 оны гүйцэтгэлээр уурхайн дундаж гүн 114м болсон байна. Өнөөгийн байдлаар 15-20м зузаантай устай давхаргаас нүүрс, завсрын хөрсийг ангилан олборлож байгаа ба конвейероор бутлан тээвэрлэхэд нүүрсний чийглэг буурч, илчлэг нэмэгдэж байна.

2023.5.01-2023.5.15-ны Нүүрс тээврийн конвейерийн ашиглалт

Дээрх хугацаанд уурхайн ашиглалтын 2-р амны устай талбайгаас олборлосон 1-р давхаргын нүүрсийг конвейероор тээвэрлэхэд нүүрсний чийглэг 1.4%, үнслэг 0.3%-иар буурч илчлэг 49 ккал/кг-аар нэмэгдсэн.

Шивээ Овоо ХК болон “ДЦС-IV” ТӨХК хоорондын нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр нүүрсний суурь илчлэгийг 3000 ккал/кг-аар тооцдог ба сүүлийн жилүүдийн конвейероор тээвэрлэсэн нүүрсний дундаж хэмжээг илчлэгийн зөрүүгээр тооцоход борлуулалтын орлогыг жилдээ 250 сая.төг-өөр нэмэгдүүлж байгаа ба цаашид конвейерийн тээврийн технологийн хэрэглээг сайжруулж боломжит бүтээлийг ханган ажилласнаар борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломжтой байна.

Конвейерийн тээврийн үр ашгийн харьцуулалт

Шивээ Овоогийн уурхай нүүрс олборлолтынтээвэрлэлтдээ конвейерийн болон автотээврийн хосолсон систем нэвтрүүлсэн 2011 оноос хойших тээвэрлэлтийн зардлын дундаж үзүүлэлтээр дараах зардлын хэмнэлтийг гарган ажилласан байна.

Өнөөгийн нүүрс тээврийн конвейерийн бүтээлээр тооцоолоход төлөвлөгөөт бус саатлын хоногуудыг арилгаж ажилласнаар нүүрс тээвэрлэлтийн зардлаас жилдээ 107.1 сая.төг-ийн хэмнэлт гаргах боломжтой байна.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

1. Одоогийн техникийн нөхцлөөр нүүрс тээврийн конвейрийн цагийн бүтээл нь 120 тн/цаг байгаа нь тогтоогдсон. Цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хамаарсан сул зогсолтыг бууруулж, төлөвлөгөөт бус саатлыг арилгаж ажилласнаар жилийн бүтээлийг 200 мян.тн-оор нэмэгдүүлэх боломжтой.

2. Конвейероор тээвэрлэсэн 100 мян.тн нүүрс тутамд одоогийн нүүрс борлуулалтын үнээр тооцоход 63 сая.төг-ийн орлого нэмэгдэхээр байна.

3. Нүүрс тээврийн конвейер нь авто тээвэртэй харьцуулахад 25%-ийн бага өртөгтэй байгаа ба 2 км конвейероор тээвэрлэсэн 100 мян.тн нүүрс тутамд 53.5 сая.төг-ийн хэмнэлт гарна.

ДҮГНЭЛТ

Авто-конвейерийн хосолсон тээврийн систем нь ашиглалтын жилүүдэд үйлдвэрлэлд үр ашгаа өгч, тээврийн зардлыг тогтвортой байлгаж ирсэн ба тус нүүрс тээврийн конвейерийн технологийн хэрэглээг судалгаагаар гарсан үр дүнд тулгуурлан сайжруулах нь тээврийн зардал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл зэргийг бууруулахаас гадна зам арчилгааны туслах тоног төхөөрөмжүүдийн хэрэглээ ашиглалтанд эерэг нөлөөгөө ихээхэн хэмжээгээр үзүүлнэ.

1. Нүүрс тээврийн конвейерийн туузан дамжуулгын хурд -2.5м/с байгаа нь тохиромжгүй сонголт бөгөөд цаашид туузан дамжуулгын өргөний хэмжээ B-800мм байхад хурд (1.6, 1.8, 2.0м/с) байх боломжит нөхцөлийг судалж нэвтрүүлэх, конвейерийн ачаа дүүргэлтийг хангаж, цагийн бүтээлийг 180тн/цаг болгох боломжийг ирэлхийлэх.

2. Ашиглалтын жилүүдэд техникийн зүгээс хамгийн их сул зогсолтын цагийг бүрдүүлж байгаа булт бутлуурын Z-20, Z-88 маркийн редукторын эвдрэлийн шалтгааныг судлан тогтоох.

3 .Конвейерийн тээврийн системийг тэжээлээр хангах техникийн хүрэлцээ дутмаг байдлыг арилгах, шаардлагатай сэлбэг материалын  хангамжийг бүрдүүлж төлөвлөгөөт бус саатлуудыг бууруулах шаардлагатай байна.

НОМ ЗҮЙ

1.Шивээ Овоогийн хүрэн нүүрсний уурхайн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө /2017-2023 он/

2.Шивээ Овоогийн хүрэн нүүрсний уурхайн ашиглалтын үйл ажиллагааны тайлан /2017-2022 он/

3.Шивээ Овоогийн уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах, автоконвейерийн тээврийн хослолыг нэвтрүүлэх төсөл /Уул уурхайн хүрээлэн 2010 он/

4.“Нүүрсний чийглэг бууруулалтыг нэмэгдүүлэх, конвейерийн тээврийн системийн ашиглалтыг сайжруулах боломжийн судалгаа” / МУ-ын Зөвлөх инженер Г.Гэрэлхүү 2016 он/

5.Уул уурхайн шинжлэх ухааны хөгжил, технологийн дэвшил /Доктор, Профессор Б.Пүрэвтогтох 2020 он/

6.Уул уурхайн асуудлууд V /2022 он/

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн