
“Эрдэнэс ҮТП” ХХК нь Үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах төслийн хүрээнд эрдэс баялгийн салбарын нарийн мэргэжлийн боловсруулах үйлдвэрийн инженер, техникийн ажилтныг бэлтгэх “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд хүний нөөцийн салбарын бодит нөөцийг системтэйгээр судалж, салбарын ирээдүйн хэрэгцээ, олон улсын чиг хандлагад нийцсэн хөтөлбөр боловсруулах зорилт тавин ажилласны үр дүнд бодит ахиц гарч байна.
Тухайлбал ШУТИС-тай идэвхтэй хамтран ажиллаж, нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан, БШУЯ-аар албан ёсоор батлуулаад байна. Ийнхүү ШУТИС-д шинэ анги нээх шийдвэр гарч, уул уурхайн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх чухал алхам бодитоор хэрэгжихээр боллоо.
Шинээр нээгдэж буй ангийн онцлог нь БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх 2+2 хамтарсан хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оюутнууд эхний хоёр жилээ Монгол Улсад дараагийн хоёр жилээ БНХАУ-д суралцаж олон улсын жишигт нийцсэн мэдлэг, ур чадвар эзэмших боломж бүрдэх юм.
Ингэснээр нүүрсний гүн боловсруулалт, химийн технологи чиглэлээр өндөр мэргэшсэн, дэлхийн түвшний боловсон хүчин бэлтгэгдэх суурь тавигдаж байна. Хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор үзэглэн баталгаажуулсан нь талуудын итгэлцэл, урт хугацааны стратегийн түншлэлийн илэрхийлэл төдийгүй, салбарын хүний нөөцийн шинэ үеийг бэлтгэх бодит эхлэл боллоо
