
Боловсролын яам, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Үйлдвэрлэлийн өдөрлөг-2026” арга хэмжээ МГТИС-ийн Налайх дүүрэг дэх кампуст боллоо.
Өдөрлөгт эрдэс баялаг, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож төгсөгч, дадлагажигч оюутнуудад үйл ажиллагаа, оюутан дадлагажуулах, тэтгэлэгт болон шинэ төгсөгчийн хөтөлбөрүүд, хөдөлмөр эрхлэх боломжийн талаарх мэдээллээ хүргэж, арга хэмжээ жил бүр өргөжиж буйг МГТИС-ийн Ректор Б.Батцэнгэл онцлов.

Тус арга хэмжээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал 6 бүсэд байгуулагдаж буй ҮТП-уудын нийгэм, эдийн засгийн ач холбогдол, ойрын ирээдүй, ажлын байрны боломж болон тус компаниас энэ онд санаачлан ЭБАҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй эрдэс баялгийн салбарын суурь судалгаа, инженер мэргэжилтнийг бэлтгэх “Эрдэнэс инженер” хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн талаар болон “Би инженер” төслийн 2+2 тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажиллалаа.

Мөн тус компанийн “Бор-Өндөр ҮТП” төслийн зохицуулагч Э.Хатанболд “Амжилттай суралцах аргазүй” сэдвээр оролцогч залуус, оюутнуудад илтгэл тавив. Компанийн мэргэжилтнүүд
Үйлдвэрлэл, технологийн паркууд, хүний нөөц, ажлын байрны талаарх мэдээллийг арга хэмжээнд оролцогчдод хүргэж, оюутан залуусын сонирхсон асуултад хариулж оролцлоо.









