
“Build Mongolia-2026” үзэсгэлэн нь барилга, дэд бүтэц, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарын үндэсний болон олон улсын компаниуд, үйлдвэрлэгчид, судлаачид, дистрибьютерүүд, санхүүгийн байгууллагуудыг нэг дор цуглуулдаг томоохон арга хэмжээ юм.
Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд “Эрдэнэс ҮТП” ХХК нь “Хөтөл ҮТП” төслийн үзэл баримтлал, хөгжлийн үе шат, бүтээн байгуулалтын төлөвлөлт, паркийн хүрээнд үйлдвэр байгуулах боломж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нөхцөлүүдийг дотоод, гадаадын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, түншүүдэд танилцуулан оролцож байна.
“Хөтөл ҮТП” нь Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумдын нутагт шохойн чулуунд суурилсан барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байдлаар хөгжихөөр төлөвлөгдсөн. Тус парк нь шохойн үйлдвэрийн кластер болон барилгын төмөр бетон хийцийн гэсэн хоёр үндсэн кластераас бүрдэх бөгөөд үе шаттайгаар хэрэгжих юм.


