“НҮҮРСНИЙ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” БАКАЛАВРЫН ХАМТАРСАН (2+2) ХӨТӨЛБӨР
Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга
2025 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж тэдгээрийн дийлэнх нь хүдэр болон анхан шатны боловсруулалттай хэлбэрээр экспортлогдож байна. Энэ нь гүн боловсруулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэс баялгийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнд шаардлагатай нарийн мэргэжлийн инженер, мэргэшсэн техникийн хүний нөөцийг бэлтгэх бодлого нэн шаардлагатай байгааг харуулж байна.
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн 2024-2025 онд хийсэн “Хүний нөөцийн судалгаа”-аар 6 Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх төслийн хүрээнд нийт 10,800 орчим шууд ажлын байр шинээр бий болохоос 50% нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй инженер мэргэжилтэн шаардлагатай тооцоо гарсан. Иймээс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтнийг гадаадын их, дээд сургуульд сургах болон ижил төрлийн үйлдвэрүүдэд мэргэшүүлэх зэргээр бэлтгэх нь хүний нөөцийн бодлогын чухал чиглэл болж байна.
Энэхүү хэрэгцээ, шаардлагад үндэслэн “Эрдэнэс ҮТП” ХХК нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай хамтран 2026-2030 онд үйлдвэрлэл, технологийн паркуудын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус бодлогын зорилт нь салбарын бодит хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн тогтвортой нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн стратегийн ач холбогдолтой арга хэмжээ юм. Эхний шатанд 2026-2027 оны хичээлийн жилд “Нүүрсний боловсруулалтын технологи” Бакалаврын хамтарсан (2+2) хөтөлбөрийн тэтгэлгийг нийт 20 суралцагчдад олгоно.
“BE ENGINEER” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР “НҮҮРСНИЙ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” БНХАУ-ТАЙ ХАМТАРСАН БАКАЛАВРЫН (2+2) ХӨТӨЛБӨР
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэх болон “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэн өгөөжийг бий болгох зорилтын хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК нь Үйлдвэрлэл, технологийн паркуудыг хөгжүүлж, тэдгээрт ажиллах нарийн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн агуулга
- Эхний 2 жил ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд:
- Ерөнхий суурь эрдмийн хичээлүүд
- Мэргэжлийн суурь хичээлүүд
- Хятад хэлний 30 кредит цагийн хичээлүүдийг үзэж судална.
2. Сүүлийн 2 жил БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуульд мэргэшүүлэх хичээлүүд (нүүрсний гүн боловсруулалтын технологи, коксжуулалт, хийжүүлэлт, шингэрүүлэлт, дулааны боловсруулалт зэрэг) болон үйлдвэрийн дадлага, дипломын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Хөтөлбөрийн онцлог
- 1. Хоёр улсын их сургуулиудын хос дипломтой төгсөнө.
- 2. Мэргэжлийн хятад, англи хэл эзэмшинэ.
- 3. Нүүрсний гүн боловсруулалтын технологиудыг эзэмшинэ.
- 4. Нүүрс-химийн үйлдвэр, нүүрс-эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс-металлургийн үйлдвэрлэл, хүлэмжийн хийн ашиглалт, бууруулах технологиуд, хатуу хаягдал боловсруулах технологиуд зэрэг онол-практикийн мэдлэгийг хагас үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн орчинд эзэмшинэ.
- 5. Төгсөлтийн ажил нь төсөлд суурилсан (Project-Based Learning) судалгаа байна.
- 6. Монгол Улсад суралцах эхний 2 жилийн хугацаанд хятад хэлний хичээлийг ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийн багш нар заана.
- 7. Баталгаатай ажлын байраар хангагдана.
- 8. Хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдана.
Тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт
Шалгарсан 20 суралцагч:
- 1. Монгол Улсад суралцах 2 жилийн хугацааны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-аас 100% олгоно.
- 2. БНХАУ-д суралцах 2 жилийн хугацааны сургалтын төлбөрийг суралцагчийн сурлагын дүн, хятад хэлний түвшин, мэргэжлийн шалгалтын онооноос хамааран БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийн тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн төрөл:
- – А төрлийн тэтгэлэг: Сургалтын төлбөр: 100%
- – В төрлийн тэтгэлэг: Сургалтын төлбөр: 50%
Ерөнхий шаардлага:
- 1. Монгол Улсын иргэн байх
- 2. Хятад хэлний HSK 3 ба түүнээс дээш түвшний оноотой байх
- 3. ШУТИС-ийн “Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам (2026-2027 оны хичээлийн жил)”-ын дагуу Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуульд суралцах урилга авсан байх
- 4. Материалын бүрдүүлэлт бүрэн байх (материал дутуу тохиолдолд хасагдах үндэслэл болно)
- 5. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй байх
Сонгон шалгаруулалтад харгалзан үзэх давуу талууд:
- ЭШ-ийн Химийн хичээл дээр 650-аас дээш оноо авсан бол давуу тал болно.
- ЭШ-ын Физикийн шалгалтын оноо 650 ба түүнээс байвал давуу тал болно.
- Химийн улс болон бүсийн уралдаануудад амжилттай оролцож байсан бол давуу тал болно.
- Бүрдүүлэх материал:
- 1. Иргэний үнэмлэх (E-Mongolia)
- 2. Хятад хэлний HSK 3 ба түүнээс дээш түвшний оноо (баталгаат байх)
- 3. ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуульд элссэн урилга
- 4. Тэтгэлэгт хөтөлбөр хамрагдах хүсэлт
- 5. Физик/Хими ЭШ-ийн оноо авсан баримт
- 6. “Би инженер” сэдэвтэй 600-800 үгтэй эссэ бичлэг
- 7. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй тухай сургуулийн тодорхойлолт
- 8. Өөрийн саналаар шагнал, батламж гэх мэт сонгон шалгаруулалтанд нэмэлтээр өгөх материалууд


