Б.Эрдэнэбаяр: Барилгын материалын үйлдвэрлэлийн шинэ эрин эхлүүлэх “Хөтөл” ҮТП стратегийн ач холбогдолтой төсөл

“Хөтөл” Үйлдвэрлэл технологийн паркийн зохицуулагч Б.Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэрбээр Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа дараагийн шатанд гаргахын тулд түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зайлшгүй шаардлага болсон талаар онцлон ярьсан юм.

“Хөтөл” Үйлдвэрлэл технологийн паркийн төслийг хамгийн товчоор хэрхэн тодорхойлох вэ?

“Хөтөл” ҮТП бол ганц үйлдвэр байгуулах төсөл биш. Энэ бол Монгол Улсад барилгын материалын үйлдвэрлэлийн цогц экосистем бий болгох стратегийн санаачилга. Бид уул уурхайгаас гарч буй түүхий эдээ зөвхөн олборлоод зогсохгүй боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох шинэ шатанд гарах ёстой.

Өнөөдөр Монгол Улс барилгын олон төрлийн материалаа гаднаас авч байна. Харин энэ төслийг хэрэгжүүлснээр импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, валютын урсгалыг эх орондоо үлдээх боломж бүрдэнэ.

Яагаад заавал Хөтөлд байгуулах гэж?

Хөтөл хот бол үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн бэлэн байршлуудын нэг. Авто зам, төмөр зам, эрчим хүч, дулаан, инженерийн шугам сүлжээ бүгд бий. Мөн орон сууц, сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтэц хөгжсөн. Өөрөөр хэлбэл шинэ үйлдвэрүүдийг хоосон талбай дээрээс эхлэхгүйгээр бэлэн орчинд хурдан хугацаанд байгуулах боломжтой гэсэн үг. Ажиллах хүч тогтвортой суурьших нөхцөл ч бүрдсэн.

Хамгийн том давуу тал нь кластер хөгжлийн загвар. Өөрөөр хэлбэл хоорондоо уялдаа холбоотой үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлнэ. Ингэснээр ложистик зардал буурна, түүхий эдийн урсгал хялбар болно, дэд бүтэц хуваалцана, үйлдвэрлэлийн бүтээмж өснө. Нэг үйлдвэрийн хаягдал нөгөө үйлдвэрийн түүхий эд болох боломжтой. Энэ нь орчин үеийн үйлдвэрлэлийн хамгийн үр ашигтай хэлбэр юм.

Төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

Урьдчилсан тооцоогоор нийт 162 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний 31 хувь буюу 50.8 сая ам.долларыг “Эрдэнэс Монгол” ХХК гаргаж, суурь дэд бүтэц болон үндсэн үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Парк бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 557.4 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой. Анхны  хөрөнгө оруулалтаа ойролцоогоор гурван жилийн хугацаанд нөхөх тооцоо бий.

Ямар үйлдвэрүүд төвлөрөх вэ?

Эхний суурь үйлдвэр нь шохойн үйлдвэр байна. Хөтөл-1 ордын нөөцөд түшиглэн жилд 100 мянган тонн технологийн шохой үйлдвэрлэнэ. Үүний ихэнхийг “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” болон бусад баяжуулах үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой.

Мөн чулуунцар, гидратын шохой, идэвхжүүлсэн кальцийн карбонат, нано кальцийн карбонат, бетон хийц, хөнгөн блок, ариутгалын бодис, бордоо, малын тэжээл зэрэг олон үйлдвэр үе шаттайгаар байгуулагдана. Монгол Улсын уул уурхайн салбар олон төрлийн технологийн материалыг импортоор авдаг. Жишээ нь технологийн шохой. Хэрэв бид үүнийг дотооддоо үйлдвэрлэвэл импорт орлохын зэрэгцээ вальютын урсгалыг дотооддоо хадгална. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас олсон орлогоо эргээд үндэсний үйлдвэрлэл рүү хөрвүүлж байгаа хэрэг.

Хувийн хэвшилд ямар боломж нээгдэх вэ?

Маш том боломж нээгдэнэ. Үйлдвэрлэл технологийн паркт үйл ажиллагаа явуулах компаниудад хуульд заасан олон дэмжлэг бий. Тухайлбал гаалийн татвараас 5 жил, НӨАТ-аас 4 жил, газрын төлбөрөөс хөнгөлөх талаар яригдаж байгаа, үл хөдлөх хөрөнгийн албан татвараас 5 жил хүртэл хугацаанд чөлөөлөгдөнө. Энэ нь шинэ үйлдвэр байгуулах сонирхлыг эрс нэмэгдүүлнэ.

Төсөл Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

Энэ төсөл зөвхөн нэг  бүсийн асуудал биш. Улсын хэмжээнд ДНБ өснө, экспорт нэмэгдэнэ, импорт буурна, ажлын байр олноор бий болно. Бүс нутгийн хөгжилд ч том түлхэц өгнө. Сэлэнгэ аймаг үйлдвэрлэлийн шинэ төв болон хөгжих бүрэн боломжтой. Монгол Улс түүхий эд экспортлогч орноос үйлдвэрлэл экспортлогч орон болох ёстой. “Хөтөл” ҮТП бол тэр шилжилтийн бодит эхлэл. Бид уул уурайгаа зөв ашиглаж чадвал түүний үр өгөөжийг үйлдвэр, ажлын байр, мэдлэг, технологи болгон хувиргах боломжтой. Энэ бол ирээдүйн хөгжлийн зөв  зам.

эх сурвалж: https://coffeetimes.mn/

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн