“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хими технологич, металлургич, баяжуулагч инженер мэргэжилтнүүд “Эрдэнэс ҮТП” ХХК болон МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан химийн боловсруулалтын загварчлалын олон улсын ““Aspen Plus процесс ба симуляц” программын анхан-дунд-ахисан шатны сургалтыг амжилттай дүүргэж, батламжаа гардан авлаа. Батламжийг МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Инженер технологийн сургуулийн захирал Ч.Сономдагва, Нано шинжлэх ухаан, нано технологийн төвийн профессор Ч.Ганзориг нар гардуулав.
Aspen Plus нь АНУ-ын AspenTech компанийн боловсруулсан, химийн болон үйлдвэрийн процессын тооцоолол, загварчлал хийхэд зориулсан дэлхийд тэргүүлэгч программ хангамж бөгөөд загварчлалын тэргүүлэгч хэрэгсэл гэгддэг. Уг программыг химийн үйлдвэр, фармацевтик, металлурги, нүүрс боловсруулалт зэрэг олон салбарт технологийн болон санхүү, эдийн засгийн тооцоолол хийхэд өргөн ашигладаг. Монгол Улсад МУИС нь уг программын лицензийн эрхийг эзэмшдэг бөгөөд тус сургуулийн Нано шинжлэх ухаан, нано технологийн төв нь уг программыг сургалт, судалгааны чиглэлээр ашиглаж байна.
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн мэргэжилтнүүд тус программыг эзэмшсэнэээр ҮТП-уудын үйлдвэрүүдийн технологийн болон санхүү, эдийн засгийн тооцооллыг симуляц аргаар гүйцэтгэх боломжтой боллоо. Энэ нь паркийн үйлдвэрүүдийн технологийн зураг төслийг боловсруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоолох, туршилт судалгааны ажлыг илүү үр дүнтэй явуулах зэрэгт шууд нөлөөлөх практик ач холбогдолтой юм.

