Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Австрийн Эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын яам, Сангийн яам болон Леобен хотын Техникийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр хоёр орны аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яриандаа “Австрийн их сургуулиуд тэр дундаа Леобений их сургуульд бакалавр, магистрын түвшинд металлургийн инженерээр Монгол оюутнуудыг суралцуулах, цаашлаад богино хугацааны сургалт болон дадлагын хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх” хэрэгцээ шаардлага өндөр байгааг онцлов. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Австри Улсын Холбооны Сангийн яамтай “Шинэлэг технологи, уул уурхай, ашигт малтмал, шилдэг туршлагын салбарт хамтран ажиллах” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр удаагийн цахим уулзалт хийж, талууд саналаа солилцоод байна.
Уулзалтад оролцсон “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл үйлдвэрийн технологийн паркуудыг хөгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн хөрөнгө оруулалтын боломж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид паркуудад шаардлагатай инженер, техникийн мэргэжилтэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр их, дээд сургуулиуд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах асуудлыг хөндөн ярилцлаа.
Австри Улсын Холбооны Сангийн яамны зүгээс ган, зэс боловсруулах цогцолборуудад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хамтарсан төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг ажилд хамтран ажиллахад нээлттэй болохоо илэрхийллээ.
Мөн тус улсад хүрэлцэн ирж Австрийн хөрөнгө оруулагч бизнесүүдэд зориулан Аж үйлдвэрийн паркийн төслүүдээ танилцуулахыг уулзалтын төгсгөлд урилаа.










