
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор зохион байгуулагдах “Аж үйлдвэржилтийг чөлөөлье” хэлэлцүүлэгт боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон холбогдох төрийн байгууллагуудын оролцоог ханган Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ерөнхий зохион байгуулагчаар хамтран ажиллахаар боллоо.
Хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын хүрээнд Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Бор-Өндөр ҮТП-ийн зохицуулагч Э.Хатанболд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дэд захирал Ч.Баттулга, Бодлогын газрын дарга М.Очирбат нар уулзлаа. Уулзалтаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал “Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад ашигт малтмалыг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, улмаар үйлдвэрлэлийг дэмжсэн эрх зүйн болон хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай” байгааг дурдсан юм.
Энэхүү хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн төлөөлөл, бодлого боловсруулагчид, салбарын эрдэмтэн судлаачид болон судалгааны байгууллагууд оролцоно. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, бодлого шийдвэрт тусгуулан бодит үр дүнд хүрэх зорилготой юм.
