“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргалаар ахлуулсан баг ОХУ-д ажиллах үеэрээ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваатай уулзаж, аж үйлдвэржилт болон ҮТП-уудын хүний нөөцийг тус улсад бэлтгэх талаар санал солилцлоо. Уулзалтад Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн ОХУ дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Түмэнбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Уулзалтын хүрээнд ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Тус баримт бичиг нь Монгол Улсаас ОХУ-д оюутан сургахын зэрэгцээ сургалт, судалгаа, хөрөнгө оруулалтын хүрээнд иж бүрэн түншлэлийн харилцааг эхлүүлснээрээ ач холбогдолтой болов.
Уулзалтын үеэр ОХУ-д суугаа ОББЭ Элчин сайд Д.Даваа: “ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг монгол оюутнуудын дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг. Харин улс орныг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нарийн мэргэжлийн инженер, эмч, багш нарыг бэлтгэх нь нэн чухал” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн инженерийн чиглэлээр суралцах хүүхдүүдийг сонгон шалгаруулахдаа математик, физик, хими зэрэг байгалийн ухааны суурь мэдлэгийг чухалчилж, дотооддоо олимпиад зохион байгуулах замаар шилдгүүдийг тодруулах нь үр дүнтэй болох талаар хэллээ.

