“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, UNIDO-ИЙН ГЕРМАНЫ АЛБАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

 “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөгчид НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага (UNIDO)-ын Германы Хөрөнгө оруулалт, Технологи дэмжих алба (UNIDO ITPO Germany)-ны төлөөлөгчидтэй уулзаж, үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад UNIDO ITPO Germany-ийн Дэд захирал Vanessa Voelkel, Дэд захирал Michael Schmidt, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, Стратеги төлөвлөлт, судалгааны газрын дарга Д.Цолмонтуяа болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Талууд Үйлдвэрлэл Технологийн Паркуудад ажиллах мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, инновацийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй эко парк загвар хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Мөн Герман улсын ижил төстэй үйлдвэрлэл, технологийн паркуудтай туршлага, мэдлэг солилцох сүлжээ бий болгох, эдгээр чиглэлд гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг судлах асуудлыг онцоллоо.

UNIDO ITPO Germany-ийн дэмжиж буй сэргээгдэх эрчим хүч, орчны технологи, үйлдвэрлэл, дэд бүтэц, уул уурхай зэрэг чиглэл нь Монгол Улсад хөгжүүлж буй үйлдвэрлэл, технологийн паркуудын зорилттой нийцэж байгааг талууд онцолж, цаашид эдгээр чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдлээ.

Уулзалтын үр дүнд талууд хэлэлцсэн чиглэлүүдийн хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран боловсруулж, хэрэгжүүлэх эхний алхмуудыг эхлүүлэхээр санал нэгдэв.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн