“ЭРДЭНЭС ҮТП” ХХК ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) зочилж, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничества агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Алина Валерьевна Анисимова болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Уулзалтаар талууд сүүлийн гурван жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, Монгол Улсын сурагчдыг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Санкт-Петербург хотын их, дээд сургуульд суралцуулах боломжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркуудын төслүүдэд шаардлагатай инженер, техникийн мэргэжилтнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

– Монгол Улсын сурагчдад олгох ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн квотыг баталгаажуулах чиглэлээр хамтран ажиллах

– Тэтгэлэгт хөтөлбөрийг олон нийтэд таниулах, мэдээлэл, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах

– Тэтгэлэгт хамрагдах сурагчдын бүртгэл, сонгон шалгаруулалтын үйл явцад хамтран ажиллах

– Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын инженерийн чиглэлийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх

– Суурь шинжлэх ухааны мэдлэгийг хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлэх зорилгоор танин мэдэхүйн аян, фестиваль зохион байгуулах

Дээрх чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг албажуулах санамж бичгийг 2026 оны дотор байгуулахаар талууд тохиролцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хөгжүүлж буй зургаан үйлдвэрлэл, технологийн паркийн төсөлд шаардлагатай инженер, техникийн хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн боловсрол, сургалтын боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Ийнхүү “Эрдэнэс ҮТП” ХХК нь олон улсын түншлэлд тулгуурлан боловсрол, шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын аж үйлдвэржилтэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн