ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн паркуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын хөгжлийг бодлогын түвшинд дэмжих зорилгоор Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дэргэд Үйлдвэрлэл, технологийн паркуудын зөвлөлийг 2026 оны 11 дүгээр сард байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар нар уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, нийтлэг тулгамдаж буй асуудал болон тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар үйлдвэрлэл, технологийн паркуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, татварын болон татварын бус дэмжлэгийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Талууд салбарын нийтлэг эрх ашгийг төлөөлөх, тулгамдсан асуудлыг нэгтгэн төр, засаг болон холбогдох байгууллагуудад уламжлах, бодлогын шийдэл боловсруулахад хамтран ажиллах шаардлагатайг онцолж, МҮХАҮТ-ын дэргэд Үйлдвэрлэл, технологийн паркуудын зөвлөл байгуулах чиглэлээр санал нэгдлээ.

Шинээр байгуулагдах зөвлөл нь үйлдвэрлэл, технологийн паркуудын санал, санаачилгыг нэгтгэх, салбарын бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааг уялдуулах, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтарсан бодлого боловсруулах талбар болох юм.

Үйлдвэрлэл, технологийн паркуудын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааг нь дэмжих нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн