“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХХК-ийн төлөөлөл уулзаж, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, хөгжлийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар нар оролцож, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцан, паркуудын үйл ажиллагаанд анхаарах асуудал, газар ашиглалтын журам болон нэгжээр ажиллах зохицуулалтын талаар санал солилцов.
Талууд үйлдвэрлэл, технологийн паркуудын эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, газар ашиглалтын журмыг оновчтой болгох, паркуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн нийтлэг асуудлуудыг хамтран шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.
Энэ хүрээнд Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн паркуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын нийтлэг эрх ашгийг бодлогын түвшинд төлөөлөх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дэргэд Үйлдвэрлэл, технологийн паркуудын зөвлөл байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Талууд шинээр байгуулагдах зөвлөлийн хүрээнд хамтран ажиллаж, паркуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, санал санаачилгыг нэгтгэн төр, засаг болон холбогдох байгууллагуудад уламжлах, бодлогын шийдэл боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Үйлдвэрлэл, технологийн паркуудын уялдаа холбоог бэхжүүлж, эрх зүй, үйл ажиллагааны орчныг сайжруулах нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



