НҮҮРС-ХИМИЙН БОЛОВСРУУЛАЛТ СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Эрдэнэс ҮТП” ХХК нь “Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хөгжүүлэх зорилгын хүрээнд бүтээн байгуулалт, менежментийг удирдах, паркад үйл ажиллагаа явуулах төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах зэргээр олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дээрх зорилгын дагуу ҮТП-уудад шаардлагатай хүний нөөцийн нэгдсэн судалгааны баримт бичиг болох “Эрдэнэс инженер-v1.0” хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулах үйлдвэрлэлийн инженер техникийн мэргэжилтнүүдийг шинээр бэлтгэх болон давтан сургах зорилгоор боловсруулах үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдэд зориулсан нүүрс-химийн боловсруулалтын ахисан түвшний сургалтыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалт нь Монголд анх удаа нүүрс гүн боловсруулах ирээдүйн үйлдвэрлэл, технологийн паркийн анхны мэргэжилтнүүдийг ахисан түвшинд бэлтгэж байгаагаараа онцлог юм. Сургалтын хөтөлбөрт нүүрс-химийн үйлдвэрлэл, орчин үеийн чиг хандлага, хэрэглээ, БНХАУ-ын нүүрс-химийн үйлдвэрлэл, бодлого, туршлага, СО2-ийн ялгаруулалт, дахин ашиглах болон нүүрс коксжуулах технологиуд, бүтээгдэхүүн, хэрэглээ, нүүрсэнд суурилсан хатуу хог хаягдлын ашиглалт зэрэг өргөн хүрээний мэдлэгийг олгохоор тусгагдсан юм.

Энэхүү сургалтыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид, Хими, химийн технологийн хүрээлэн, Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор (Sc.D) Ж.Нарангэрэл, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, доктор (Ph.D), дэд профессор,Б.Тунгалагтамир, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийн профессор Цао Жинпэй, ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн профессор Янбинг Гонг зэрэг эрдэмтэн судлаачид хөтлөн явуулж байна.

Тус үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль болон тус сургуулийн Торгоны зам сургалт, судалгаа, инновацын төв хамтран зохион байгуулж, АҮЭБЯ, МҮХАҮТанхим, Хятадын Уул уурхай, технологийн их сургууль, Монголын Химийн Нийгэмлэг, Эрдэнэс Тавантолгой ХК, Багануур ХК-иуд дэмжин ажиллаж байгаа юм.

“ОЛБОРЛОЛТООС БОЛОВСРУУЛАЛТ РУУ”

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн