


Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй Үйлдвэрлэл, технологийн паркууд болон дагаж хөгжих үйлдвэрүүдийн төслийн талаарх мэдээлэл, танилцуулгыг олон нийтэд хүргэх, төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй өдөрлөг”-ийг “Эрдэнэс ҮТП” ХХК, МҮХАТ-тай хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Төслийн менежер Б.Мягмаржаргал, МҮХАТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нар оролцож ҮТП-ийн талаар төрөөс баримталж буй бодлого, ҮТП-уудын хэрэгцээ, шаардлага, ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж болон хувийн хэвшлүүд, хөрөнгө оруулагчдын паркуудад оролцох боломж нөхцөл, эрхзүйн хүрээн дэх хөнгөлөлт, чөлөөлт, хүний нөөцийн бодлого зэрэг сэдвүүдээр танилцуулга мэдээлэл хийж, оролцогчидтой санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.



Тус арга хэмжээнд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид өргөнөөр оролцож, саналаа солилцсон бөгөөд төсөлд хамтран ажиллах эрмэлзэл, боломжийн талаар ярилцсан нь онцлог байлаа. Мөн оролцогчдод Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын үр дүн, менежментийн шилдэг туршлага, инновацын шинэ шийдлүүдийг танилцуулсан нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн сонирхлыг татсан, сайн жишиг боллоо гэж үзэцгээсэн юм.
