УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Амарсайхан, Нийслэлийн ЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Багануур дүүргийн удирдлагууд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Ц.Зоригтбат, Үйлдвэрлэл, технологийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян зэрэг холбогдох албаны хүмүүс Багануур дүүрэгт ажиллаж Үйлдвэрлэл технологийн парк, дулааны станцын өргөтгөлийн төслүүдтэй танилцлаа.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: “Багануур” ХК-ний үйл ажиллагаа тогтворжиж, Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай байдлыг хангахаас гадна Үндэсний баялгийн санд төвлөрөх орлого, иргэдэд очих байгалийн баялгийн өгөөж нэмэгдэнэ. Иймд үүсээд байгаа саад тээгийг арилгах, үйлдвэр барих гэж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчилж, тодорхой болгох гээд УИХ, Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих, асуудлуудыг нь шийдэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барина. Кластерын зарчмаар хөгждөг, үйлдвэр барьж нэмүү өртөг үүсгэдэг, импортыг орлож валютын нөөцийг хэмнэдэг, ажлын байр үүсгэж, татвар төлдөг баялаг бүтээгчдээ дэмжих зарчмуудыг тусгана” гэж мэдэгдлээ.

Мөн уулзалтаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр Багануур ХК-ийг түшиглэн байгуулах “Багануур ҮТП”-ийн хүрээнд баригдах “Нүүрс-Пиролизын үйлдвэр” буюу Хөх нүүрсний төслийг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн.
“Багануур ҮТП”-ийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн “Нүүрс-пиролизын үйлдвэр”-ийг 3 үе шаттайгаар байгуулах төлөвлөгөөтэйгөөр төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 2025 онд боловсруулж дууссан.

Тухайлбал, энэхүү төслийн I үе шатанд жилд 600 мянган тонн хөх нүүрс буюу хагас кокс үйлдвэрлэх бөгөөд ингэснээр өртгийн зардлыг 60 хувиар бууруулж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 40–60 хувиар бууруулах бодит боломж бүрдэх юм.
Мөн нүүрс пиролизын үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн болох хийг ашиглан 40 МВт-ын цахилгаан станц байгуулж, үйлдвэрийн дотоод хэрэгцээг бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд 26 МВт цахилгаан нийлүүлэхээр төлөвлөж байна.
“Багануур ҮТП” Нүүрс-химийн цогцолбор төсөл бүрэн хэрэгжсэнээр Багануурын уурхайг түшиглэсэн нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулагдаж, шууд болон шууд бус нийт 3500 гаруй шинэ ажлын байр бий болохоос гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, бүс нутгийн болон улсын эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах цогц төсөл болно.




