“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, техникийн их сургуультай 2026 оны хамтын ажиллагааны уулзалтаа хийлээ. Уулзалтад “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, Стратеги, төлөвлөлт судалгааны газрын дарга Д.Цолмонтуяа холбогдох албаны мэргэжилтнүүд, МГТИС-ийн Ректор Б.Батцэнгэл болон удирдлагууд оролцов.

Талууд энэ оны хамтарсан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцав. Тухайлбал, богино болон дунд хугацааны сургалтаар эрдэс баялгийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн тасралтгүй сургалтыг дэмжих, “Industrial Innovation and Technology Development Forum”-ийг зохион байгуулах, боловсруулах үйлдвэрийн хүний нөөцийн ирээдүй, эрэлт хэрэгцээний талаарх ойлголтыг ахлах ангийн сурагчид эцэг эх, олон нийтэд нэмэгдүүлэх хамтарсан хөтөлбөр зохиох, Монголд нутагшуулах боломжтой шинэ технологийг нэвтрүүлэх, нөөцийн инженерчлэл, тогтвортой уул уурхай, ногоон технологи, аж үйлдвэрийн инновац зэргээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх чиглэлээ хэлэлцэн тогтлоо.







