
“Эрдэнэт ҮТП”-ийг Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт, зэсийн баяжмалыг хайлуулж, катодын зэс үйлдвэрлэх болон кабель утас, зэс саваа, хоолой, электрон эд анги зэрэг олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн зэсийн гүн боловсруулалтын уул уурхай–металлурги–химийн үйлдвэрлэл чиглэлээр байгуулна.
Ашигт малтмалын нөөц
“2025 онд Оюут ордод дунджаар 530 орчим метрийн гүнтэй 96 цооногийг нийт 49212.2 тууш метр нэмж өрөмдсөнөөр геологийн нөөцийг “Бодитой” (B) зэрэглэлийн түвшинд хүртэл судлаад байна. Оюут ордын хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, урьдчилсан үр дүнгээр 0.32% зэсийн агуулгатай, 357.0 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоон, шинэ орд нээснээ албан ёсоор зарласан. Энэ нь Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо улам батжуулж чадсан үйл явдал боллоо.
Зэсийн бүтээгдэхүүний үнэ цэн 20-70% нэмэгдэх боломж бүрдэнэ
“Зэс хайлуулах үйлдвэрийн гол ач холбогдол нь зэсийн түүхий эдэд суурилсан нэмүү өртөг шингэсэн дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох бөгөөд ингэснээр катодын зэсийн үнэ цэн 20-70% нэмэгдэх боломж бүрдэнэ. Цаашлаад гүн боловсруулалтт хийгдэх тохиолдолд 100-2000%-иар нэмэгдэх боломж бий.
“Эрдэнэт ҮТП”-ийн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Үйлдвэрлэл, технологийн паркийн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу паркийн дэд бүтэц болох ус хангамж, ариутгах татуургын систем, авто зам, төмөр зам болон цахилгаан хангамжийн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах ажлыг 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 47 сая ам.доллароор тусган батлуулж, ажлыг эхлээд байна.


