
“Дархан ҮТП” нь төмрийн хүдрээс нэмүү өртөг шингээсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн импортыг орлон экспортын нөөцийг нэмэгдүүлэх хүнд үйлдвэрлэлийн салбарыг боловсруулах түвшингээс шат ахиулсан үйлдвэрлэл, технологийн парк юм.
Монгол Улс жилд 5-7 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолдог бөгөөд үүнээс 500 орчим сая долларын импортын орлого олж байна. Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК нь жилд 2-3 орчим сая тонн төмрийн хүдэр олборлон баяжуулж, экспортод гаргадаг.
Дархан-Сэлэнгийн хүдэржилтийн бүсэд Хуст-Уул, Төмөртолгой, Төмөртэй зэрэг тухайн бүс нутгийн ордууд нь нийт 710 сая тонн хүдэрт дунджаар 52 хувьтай агуулагдах 250 сая тонн төмрийн нөөцтэй, ашиглалтын нөөц 170 сая тонн бөгөөд 53 жил ашиглагдана. Ган бүтээгдэхүүний импортын хэмжээ 2023 онд 860 мян.тн, 2024 онд 959 мян.тн байсан бөгөөд үүнээс 400-500 орчим мян.тн нь арматур эзэлж байна.
Монгол Улсын хөгжлийн баримт бичиг, төлөвлөлтүүдэд туссан бүтээн байгуулалтууд болон орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2035 он хүртэлх бүтээн байгуулалтад багадаа 1.3 сая тонн ган бүтээгдэхүүн шаардлагатай бөгөөд улсын гангийн хэрэглээ жилд 2 сая тонн болж өсөх хандлагатай байна.
“Дархан ҮТП”-ийн төлөвлөлт
“Дархан ҮТП”-ийг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт 996.5 га газарт байгуулахаар сонгосон. Тухайн газар нь ямар нэгэн газрын давхцалгүй, цахилгаан хангамж болон усан хангамжийг шийдвэрлэх боломжтой, салаа төмөр зам гэх мэтчилэн дэд бүтцийг хөгжүүлэх нэн таатай нөхцөлтэй. Дархан хотын суурьшлын бүсэд үзүүлэх сөрөг нөлөөлөл маш бага, түүхий эдийг тээвэрлэхэд ойр, газрын хөрс нь барилга байгууламж байгуулахад тохиромжтой болох нь инженер-геологийн судалгаагаар батлагдсан гангийн үйлдвэр байгуулах хамгийн тохиромжтой газар юм. Тухайн газар нь Дархан хотоос 28 км, Энхтал зөрлөгөөс 0.5 км, Азийн 3-р хурдны замаас 7 км зайтай.

