“Хөтөл ҮТП” Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор

Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумдын нутагт 145.9 га талбайд Хөтөлийн ордыг түшиглэн Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр Хөтөл ҮТП-ийг байгуулна.

Монгол Улсын барилгын салбарын нийт өртгийн 60-70 гаруй хувийг импортын барилгын материал эзэлдэг. Үүнээс орон сууц, инженерийн буюу цахилгаан, халаалт, салхивч зэрэг материалын 75%, засал чимэглэл, төрөл бүрийн гадна, дотор өнгөлгөөний материалуудын 80-90%, хүнд бүтэц, үндсэн барилгын суурь материалын 40% хүртэлхийг импортоор авч хэрэглэсээр байна.

Барилгын материалын 90 хүртэлх хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой

Тиймээс барилгын хүнд бүтээц, түүхий эд, гадна дотор өнгөлгөөний материал, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүнийг дотоодын ашигт малтмалд тулгуурлан үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан хэлбэрээр үе шаттайгаар хөгжүүлэх нь манай улсын хувьд нэн тэргүүний зорилтуудын нэг юм.

Энэ зорилгоор байгуулагдах “Хөтөл ҮТП” нь жилд 1.95 сая.тн шохойн чулуу ашиглаж, цемент 480.0 мян.тн, зөөврийн бетон зуурмаг 595.0 мян.тн, бетон хийц эдлэл 470.0 мян.тн, хөнгөн бетон 300.0 мян.тн, шохой 100.0 мян.тн, идэвхжүүлсэн кальцийн карбонат 102.0 мян.тн, нано кальцийн карбонат 198.0 мян.тн, гидратын шохой 100.0 мян.тн эцсийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэн томоохон үйлдвэр, бүтээн байгуулалтын төслүүдэд нийлүүлэх тооцоо, судалгааг хийгээд байна.

Шохойн үндсэн үйлдвэрийн төслийн хэрэгжилт

“Хөтөл ҮТП”-ийн үндсэн үйлдвэрийн төсөл нь 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Цемент Шохой ХХК-ийн одоогийн шохойн үйлдвэр нь олон жилийн элэгдэлд орсон, тоног төхөөрөмжүүд хуучирсан тул өртөг зардал өндөр, бүтээгдэхүүн нь чанар, стандартын шаардлага хангахгүй болсон тул энэхүү төслийг 2023 оноос санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. “Эрдэнэс Монгол” ХХК-иас хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн баяжуулах үйлдвэрт шаардлагатай шохойн хэрэглээг 100% хангана.

Ингэснээр үйлдвэрлэлд чанарын доголдол үүсэхгүй, орон нутагт үзүүлдэг агаарын чанарын сөрөг нөлөө арилж, үйлдвэрийн өрсөлдөх чадвар нэмэгдэх зэрэг давуу талууд бий болно. Мөн үйлдвэрлэсэн шохойноос дараагийн шатны идэвхжүүлсэн кальцийн карбонат, гидратын шохой зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Ашигт малтмалын нөөц

Улсын хэмжээнд нийт шохойн чулууны 80 ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 2,690.0 сая тн шохойн чулууны нөөц байна. Хөтөлийн ойр орчимд буюу Дархан, Сэлэнгэ, Булган аймгуудад нийт 59.09 сая тн бүхий 23 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 49.7 хувь нь “Цемент шохой” ХХК-д харьяалагдаж байна.

Дагаж хөгжих үйлдвэрүүд

Паркийн хүрээнд төрөл бүрийн шохой, цемент, бетон зуурмаг зэргийг үйлдвэрлэж уул уурхай, барилгын салбарын гол түүхий эдийг бэлтгэн импортоос хамааралгүй цэвэр үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх ач холбогдолтой.

Төслийн хүрэх үр дүн

Төсөл хэрэгжсэнээр нийгэмд гүйцэтгэх үр дүнг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2035 оны төсөөлөлтэй харьцуулан үзсэн бөгөөд “Хөтөл ҮТП” байгуулагдсанаар ДНБ 232.7 их наяд төгрөг буюу 1.6 нэгж хувиар, экспортын хэмжээ 19.25 тэрбум ам.доллар буюу 1.6 нэгж хувиар тус тус өснө гэж тооцоолсон.

Сэлэнгэ аймгийн 2050 оны нийгэм, эдийн засгийн байдалд “Хөтөл ҮТП” төсөл хэрэгжсэнээр нөлөөлөх нөлөөллийг товч дурдвал ДНБ-ний хэмжээ нь 4.95 их наяд төгрөг буюу 59.4 хувиар өсөхөөр байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн