“БОР-ӨНДӨР ҮТП”-ийн хүний нөөцийг орон нутагт нь тулгуурлан бэлтгэнэ

“Эрдэнэс ҮТП” ХХК нь “Би инженер” төслийн хүрээндээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжлийн боловсролын сургуультай хамтран жонш, цахиур боловсруулах цогцолбор “Бор-Өндөр ҮТП”-д шаардлагатай 1190 инженер, техникийн мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх зорилгоор хөтөлбөр боловсруулж, элсэлт авах чиглэлээр орон нутагт нь очиж ажиллалаа.

Уулзалтаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал ҮТП-уудын нийгэм, эдийн засгийн ач холбогдол, ойрын ирээдүй, ажлын байрны боломж болон тус компаниас энэ онд санаачлан, АҮЭБЯ-тай хамтран хэрэгжүүлж буй эрдэс баялгийн салбарын суурь судалгаа, инженер мэргэжилтнийг бэлтгэх 2+2 тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв.

Мөн тус компанийн “Бор-Өндөр ҮТП” төслийн зохицуулагч Э.Хатанболд “Амжилттай суралцах аргазүй” сэдвээр оролцогчдын дунд илтгэл хэлэлцүүлж Монгол Улс аж үйлдвэржсэн улс болоход иргэн, оюутан бүрийн идэвх оролцоо, хичээл зүтгэл чухлыг онцлов.

“Бор-Өндөр ҮТП” нь ашиглалтад орсноор түүхийгээр нь экспортолж буй жонш, төмрийн хүдрийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд Зүүн бүс тэр дундаа Хэнтий аймгийн нийгэм, эдийн засагт бодитой өсөлтийг буй болгох юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн