Э.Хатанболд Эрдэнэс ҮТП ХХК-ийн “Бор-Өндөр ҮТП” төслийн зохицуулагч
“Бор-Өндөр” Үйлдвэрлэл технологийн паркийн төслийг хамгийн товчоор тодорхойлж хэлвэл?
Монгол Улс жоншны нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог мөн хамгийн том экспортлогч орнуудын нэг гэгддэг. Гэвч жоншны боловсруулалтын түвшин бага буюу 90 гаруй хувийг түүхий хүдэр хэлбэрээр экспортод гаргаж байна. Цаашид манай орны хувьд жоншийг гүн боловсруулж фторт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн химийн үйлдвэрлэлийн суурь түүхий эдийг бэлтгэж түүхий эдийн үнийн савлагаанаас үүсдэг эдийн засгийн тогтворгүй байдлаас ангижрах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг сууриар нь тэлэх хэрэгцээ, шаардлагатай бий. Мөн улсын хэмжээнд арвин нөөцтэй ч өдийг хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа цахиур чулууг ашиглан, өндөр технологи шингээсэн түүхий эдийг бэлтгэн нэг хүнд оногдох ДНБ-ийг нэмэгдүүлэн эдийн засгийг тэлэх, Монгол орны экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх шинэ салбарыг бий болгох нь стратегийн чухал ач холбогдолтой.
ҮТП–ийн байгуулах байршлыг хэрхэн сонгосон бэ?
Жонш боловсруулах цогцолборын газрыг сонгохдоо Монгол Улсын жоншны томоохон ордуудыг эзэмшдэг “Эрдэнэс Критикал Минерал” ТӨҮГ-ийн УБҮ-ийн дэргэд стратегийн орд газруудыг түшиглэн, дэд бүтцийн хүртээмжтэй байдал, нөөцийн тогтвортой байдалд үндэслэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт 762.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Мөн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлуулж хүлээн аваад байна. Тус парк нь Зүүн бүсийн үйлдвэржилтийн, дэд бүтэц логистикийн төв цэг болж хөгжих бөгөөд шинээр 2,050 ажлын байр буй болж зүүн бүсийн эдийн засагт төдийгүй улсын томоохон төслүүдийн нэг болох ирээдүй бий.
Төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
“Бор-Өндөр ҮТП”-ийг хөгжүүлэхэд нийтдээ 994.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 919.6 сая нь 4 кластер үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт харин 74.5 сая нь дэд бүтэц, барилга байгууламжийн хөрөнгө оруулалт байна.
Ямар үйлдвэрүүд дагаж хөгжих боломжтой вэ?
“Бор-Өндөр ҮТП” жонш, цахиур боловсруулах цогцолбороос 200км радиуст орших ашигт малтмалын нөөц боломж, дэд бүтэц зэрэг дээр үндэслэн тус паркийг эдийн засгийн хувьд хамгийн өндөр өгөөжийг бий болгодог кластерийн зарчмаар хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Паркт үйл ажиллагаа явуулснаар хуулийн хүрээнд татварын болон татварын бус олон дэмжлэгийн төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд хүртэх боломжтой бөгөөд боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн бизнесийг бойжуулах эдийн засгийн тусгай бүс буюу бизнес инкубатор болох юм.
Үүнд:
Жонш боловсруулах кластер үйлдвэрүүд:
- Жонш баяжуулах үйлдвэр
- Фторт устөрөгчийн үйлдвэр
- Хүхрийн хүчлийн үйлдвэр
- Фторт хөнгөн цагааны үйлдвэр
- Жоншны шахмалын үйлдвэр
- Өндөр нягтаршилтай гипсийн үйлдвэр
- Гипсийн зуурмагны үйлдвэр
- Криолитийн үйлдвэр
- Силикатын үйлдвэр
Цахиур боловсруулах кластер үйлдвэрүүд:
- Төмөр цахиурын хайлшны үйлдвэр
- Аж үйлдвэрийн цахиурын үйлдвэр
- Цахиурын элсний үйлдвэр
Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүд:
- Төмрийн хорголжийн үйлдвэр
- Нойтон баяжуулах үйлдвэр
Нүүрс, эрчим хүчний кластер төслүүд:
- Хагас коксын үйлдвэр
- Сэргээгдэх эрчим хүчний төслүүд
Дагаж хөгжих боломжтой үйлдвэрүүд:
- Нарны хавтангийн үйлдвэр
- Электродын үйлдвэр
- Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр
- Аккумуляторын үйлдвэр
“Бор-Өндөр ҮТП” байгуулагдсанаар хувийн хэвшилд ямар боломж нээгдэх вэ? Үйлдвэрлэл, технологийн паркад нэгжээр орсноороо аж үйлдвэрийн гинжин хэлхээний дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийн ҮТП-уудаас шаардлагатай түүхий эдийг ашиглах, ашиглуулах, олон улсын худалдааны системд нэгдэх, ҮТП-ийн эрх зүйн байдлын хуулийн дагуу олон төрлийн бодит хөнгөлөлтүүдийг эдлэх, паркийн дэд бүтцэд ойр эдийн засгийн өндөр өгөөжтэй газраар хангагдах, олон улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад бэлтгэгдсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгүүлэх зэрэг олон давуу талууд нээгдэх юм. Зүүн бүсийн ашигт малтмалын нөөц дээр тулгуурлан 4 төрлийн кластерт 20 гаруй үйлдвэрийг байгуулах боломж хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд нээгдэнэ. “Бор-Өндөр ҮТП”-ийн төсөл хэрэгжсэнээр 2050 он гэхэд Хэнтий аймгийн ядуурлийн түвшин 3.9 дахин буурах бол тус аймгийн ДНБ хэмжээ 4.2 дахин өсөх чухал ач холбогдолтой тооцооллыг бид хийгээд байна.

