
Ж.ЭНХТҮВШИН
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Тавантолгой ҮТП” төслийн зохицуулагч
“Тавантолгой Үйлдвэрлэл технологийн парк” төслийг хамгийн товчоор хэрхэн тодорхойлох вэ?
“Тавантолгой үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төсөл нь Тавантолгойн уурхайн коксжих нүүрсний ордыг түшиглэн нүүрсийг гүн боловсруулж, кокс-эрчим хүч, кокс-хими болон нүүрс-химийн бүтээгдэхүүний харилцан уялдаа бүхий үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлэх замаар өндөр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Тавантолгойн бүлэг ордын ашиглалтын хугацааг уртасгах, хаягдалгүй хүнд үйлдвэрийн цогцолборыг бүрдүүлэх, түүнчлэн үндсэн үйлдвэрлэлээс үүсэх дайвар болон хаягдал бүтээгдэхүүнийг боловсруулан дахин ашиглах замаар дагалдах үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэхэд чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл.
–Паркийг байгуулах байршлыг хэрхэн сонгосон талаар?
Аж үйлдвэрийг байршуулахад баримтлах хамгийн чухал зарчим бол түүхий эдийн эх үүсвэрт аль болох ойр байх байршил бөгөөд энэ нь нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн зэрэг их хэмжээгээр тээвэрлэгддэг ашигт малтмалын хувьд хамгийн их ач холбогдолтой. Түүхий эдийн эх үүсвэр, хэрэглээний бүс нутагт ойртуулж, нийгмийн хөдөлмөрийн хэмнэлттэйгээр хамгийн бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байхаар тухайн бүс нутагт үйлдвэрлэлийн цогцолборыг бий болгохоор сонголтыг хийсэн. Дээрх зарчимд тулгуурлан “Тавантолгой” ҮТП-ийн байршлыг Тавантолгойн коксжих нүүрсний бүлэг ордод тулгуурлан 2021 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж эхэлсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, 2018, 2020 онуудад хийсэн Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөл, ТНАЛТ, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, автозамын төслүүдийг харгалзан үзэж байгуулахаар төлөвлөсөн.
–Төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
“Тавантолгой ҮТП”-ийн хүрээнд үндсэн үйлдвэрүүд, дэд бүтэц, дагалдах барилга байгууламж болон нийгмийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд нийт 2,204.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар тооцоолсон. Энд олон үйлдвэрүүд багтсан.
–Ямар үйлдвэрүүд дагаж хөгжих боломжтой вэ?
Үндсэн үйлдвэр нь кокс эрчим хүчний үйлдвэр – 2 сая.тн, Кокс химийн үйлдвэр-1.9 сая.тн, Нүүрс химийн үйлдвэр- 5 сая.тн хүчин чадалтайгаар баригдана.
Дагаж хөгжих үйлдвэрүүд нь:
- Флотацийн хаягдал дахин баяжуулах үйлдвэр- 800.0 мян.тн
- Нийлэг хий боловсруулах үйлдвэр- 757 сая н.м3
- Метанол боловсруулах үйлдвэр-100.0 мян.тн
- Давирхай боловсруулах үйлдвэр-160.0 мян.тн
- Бензин-75.3 мян.тн, түлшний үйлдвэр- 52.4 мян.тн
- Нафта боловсруулах үйлдвэр- 50.0 мян.тн х
- Хүчилтөрөгчийн үйлдвэр-500.0 мян.тн
- Устөрөгчийн үйлдвэр-32.0 мян.тн
- Хаягдал ус боловсруулах үйлдвэр- 3.2 сая.м3
- Үнс иж бүрэн боловсруулах үйлдвэр-1.4 сая.тн
- Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр-150 мВт
- Хаягдал тос боловсруулах үйлдвэр-30-50 мян.т
- Хаягдал дугуй боловсруулах үйлдвэр-50-80 мян.тн
- Цемент, барилгын материалын үйлдвэр-1 сая.тн
- Хуванцар дахин боловсруулах үйлдвэр-1.2 сая.тн
- Шуудай, мяндасны үйлдвэр- 3 сая.ширхэг
- LNG боловсруулах үйлдвэр-1 сая.тн хүчин чадалтайгаар тус тус ашиглалтад орохоор судалгаа, тооцоо хийгдсэн.
“Тавантолгой ҮТП ” байгуулагдсанаар хувийн хэвшилд ямар боломж нээгдэх вэ?
Тавантолгой ҮТП” байгуулагдсанаар хувийн хэвшилд дагалдах болон боловсруулах үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, логистик, инженерингийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч, хаягдал дахин боловсруулах, ногоон технологи болон инновацад суурилсан бизнесийг хөгжүүлэх өргөн боломж нээгдэнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд уул уурхайн түүхий эдийг гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртгийн сүлжээнд нэгдэх, дотоодын үйлдвэрлэлийг тэлэх, импорт орлох бүтээгдэхүүн бий болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ.
Мөн Үйлдвэрлэл, Технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд Паркийн үйл ажиллагаанд төрөөс олон төрлийн дэмжлэгийг үзүүлэхээр тусгасан байгаа. Тухайлбал, татварын дэмжлэг, үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах, дэд бүтэц, төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор шаардлагатай зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох болон бусад дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан нь томоохон боломжийг нээж өгч байна.
-Төсөл тухайн бүс нутгийн болон Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
Тавантолгой” ҮТП-ийн хүрээнд 2035 он хүртэл нийт 2,204.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 2794 шууд болон шууд бус ажлын байрыг бий болно. Өмнөговь аймагт төслүүд хэрэгжсэнээр 2050 он гэхэд аймгийн ДНБ 7.94 их наядаас 38.01 их наяд болж 4,7 дахин өснө. Ажлын байр 40 орчим мянга болж ядуурлын түвшин 9.3 пунктээр буурна. Аймгийн хүн ам 200 мянга давж өрсөлдөх чадвар өндөрсөнө.
2040 он гэхэд говийн бүсийн ДНБ 13.03 их наяд болж өсөлтийн хувь +156%-иар өснө. Ажлын байр 8500-аар нэмэгдэнэ. Говийн бүсийн хүн ам 4 хувиар өсөж 319 орчим мянга болж ядуурлын түвшин 18% -иар буурна.
Мөн Монгол Улсын эдийн засаг 19 пунктээр өсөх, экспортын хэмжээ 25.7 пунктээр, улсын хэмжээнд ядуурлын түвшин 7 пунктээр буурах бол нэг хүнд ногдох ДНБ 19.740 доллар болж 19.4 хувиар өснө гэсэн тооцоо, судалгааг бид хийгээд байна.
