“Хариуцлагатай уул уурхай – 2026” зөвлөгөөнд оролцож “Бор-Өндөр ҮТП”-ийн мэдээллийг хүргэв

“Эрдэнэс ҮТП” ХХК Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зохион байгуулагдсан “Хариуцлагатай уул уурхай-2026” нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр хайгуул, олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон төрийн хэвшлийн уул уурхайн компаниуд цуглан цаашдын хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар нээлттэй хэлэлцэж зөвлөлдөв.

Зөвлөгөөнд “Бор-Өндөр ҮТП”-ийн зохицуулагч Э.Хатанболд /Hatanbold Enhbaatar/ оролцож Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй 6 ҮТП-ийн төслийн танилцуулга, “Бор-Өндөр ҮТП”-ийг байгуулснаар улсын болон Хэнтий аймгийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар танилцуулга, мэдээллийг өглөө.

“Бор-Өндөр ҮТП”-ийн хүрээнд жонш баяжуулах үндсэн үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулснаар түүхий эдэд суурилсан нэмүү өртгийн гинжин хэлхээг эхлүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, экспортын орлогыг өсгөх, дотоод хэрэгцээг хангах, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, стратегийн ордод тулгуурлан кластерын зарчимаар хөгжиж бүс нутгийн эдийн засаг сууриараа тэлэх нөхцөл бүрдэнэ.

“Бор-Өндөр ҮТП” нь эрх зүйн таатай орчинг, татварын болон татварын бус хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжийг тус паркт боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулах хувийн хэвшлүүдэд олгож байгаа бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын зардал буурах, төслийн өгөөж нэмэгдэх, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа багасахаас гадна шинээр 2,050 ажлын байрыг буй болгож Монгол Улсын фторт химийн салбарын суурь, Зүүн бүсийн тээвэр логистикийн салбарын төв болох юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн