“Монголын 50 оюутан жил бүр Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуульд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцана”

“«Эрдэнэс ҮТП» ХХК «Эрдэнэс Монгол» нэгдлийн ОХУ дахь төлөөлөгчийн газартай уулзаж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг тохиролцлоо”

Монгол Улсын аж үйлдвэржилтийн бодлого, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын урт хугацааны хүний нөөцийн хэрэгцээг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг Оросын Холбооны Улсад ажиллалаа.

Айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн ОХУ дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Түмэнбаяр болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, хэрэгжүүлэх арга хэмжээ болон цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Аж үйлдвэржилт, боловсруулах салбарын инженерүүдийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй уул уурхайн гаралтай түүхий эдийг гүн боловсруулах, хими, металлурги болон дэвшилтэт үйлдвэрлэлийн төслүүдэд шаардлагатай инженер, техникийн өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх асуудлыг онцгойлон хэлэлцэв.

Үүнд: ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль жил бүр 50 хүртэлх монгол оюутныг аж үйлдвэр, технологийн чиглэлээр суралцахад сонгон шалгаруулалт болон холбогдох зохион байгуулалтын ажлыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал нэгдлээ. Ийнхүү бэлтгэгдэх инженер, техникийн мэргэжилтнүүд нь цаашид Монгол Улсад хэрэгжих үйлдвэрлэл, технологийн паркууд болон боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдийн хүний нөөцийн суурь нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Үйлдвэрлэл, технологийн паркуудын төслүүдийг олон улсын түвшинд сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг мөн хэлэлцэв. Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйлдвэрлэл, технологийн зургаан паркийн төслүүдийг танилцуулж, эдгээр төслүүдэд ОХУ-ын хөрөнгө оруулагчид болон бизнесийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд Төлөөлөгчийн газрын дэмжлэг чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Талууд цаашид хөрөнгө оруулагчидтай хийх уулзалт, бизнес форум зохион байгуулах, төслийн танилцуулга, хөрөнгө оруулалтын мэдээллийг орос хэлээр боловсруулан түгээх, боломжит хамтын ажиллагааны төслүүдийг тодорхойлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Үндэсний аж үйлдвэржилтийг дэмжих стратегийн түншлэл

Монгол Улс уул уурхайн түүхий эдийн экспортод түшиглэсэн эдийн засгийн бүтцээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн тогтолцоонд шилжих зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй энэ үед чадварлаг инженер, техникийн боловсон хүчнийг бэлтгэх, хөрөнгө оруулалт татах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь онцгой ач холбогдолтой юм.

Энэ хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК болон “Эрдэнэс Монгол” нэгдлийн ОХУ дахь Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркуудын төслүүдийн хэрэгжилтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой гэж талууд үзэж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн