“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал болон холбогдох албаны төлөөлөгчид Оросын Холбооны Улсын Монгол дахь Худалдааны төлөөлөгч М.В.Васильев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга С.С.Безруков нартай албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын аж үйлдвэрийн технологийн паркуудын хөгжлийг дэмжих, хоёр улсын хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Тодруулбал, аж үйлдвэрийн технологийн паркуудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагааг цогцоор хөгжүүлэх, 2027 онд хэрэгжүүлэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах талаар ярилцлаа.
Мөн ОХУ-ын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын аж үйлдвэрийн технологийн паркуудад татан оролцуулах боломж, ОХУ-ын төрийн өмчит аж үйлдвэрийн паркуудтай албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцэв.
Үүнээс гадна 2026 оны 9 дүгээр сард зохион байгуулагдах “MiningWeek & MinePro 2026” арга хэмжээний хүрээнд ОХУ-ын төрийн өмчит аж үйлдвэрийн паркуудын удирдлагууд, уул уурхайн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалт зохион байгуулах саналыг талууд дэмжиж, уг арга хэмжээг хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж хэмээн онцоллоо.
Уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаагаа тодорхой төсөл, хөтөлбөр, хэлэлцээрийн түвшинд өргөжүүлж, урт хугацааны үр өгөөжтэй түншлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
“Эрдэнэс ҮТП” ХХК нь Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Хөтөл, Тавантолгойн үйлдвэрлэл технологийн паркуудыг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж байна.




