Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлээр дэлхийд топ-5-д ордог БНХАУ-ын Solar Space Technology компани Монгол Улсын хөнгөлөлт, чөлөөлөлттэй бүс болох Үйлдвэрлэл, технологийн паркад хөрөнгө оруулж, хамтарч ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Талуудын уулзалтаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Үйлдвэрлэл, технологийн паркуудад хөрөнгө оруулах сонирхолтой технологи эзэмшигчидтэй хамтран ажиллах боломжтойг илэрхийлсэн бол хөрөнгө оруулагч талын төлөөлөгч Solar Space Technology компанийн гүйцэтгэх захирал Пинг Фенг Монгол Улсад нарны хавтангийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх нь ҮТП-уудын дагаж хөгжих үйлдвэрүүдийн эдийн засгийн сүлжээнд нэгдэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний өөрийн өртөг буурах боломжтойг тэмдэглэв.
Нарны хавтангийн үндсэн түүхий эд болох өндөр цэвэршилттэй цахиур, фторт устөрөгчийн үйлдвэрүүд нь Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдан судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Дээрх үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна АНУ-руу экспортлох боломж бүрдэх юм.

